ЦЕГ-ын МБА-наас ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатуулсан гэх мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тайлбар хийлээ. Тэрбээр "АТГ-т 2002 оны Эрүүгийн хуулийн 133.1-ээр буюу Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчих гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг УЕП-оос харьяалал тогтоож, 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн баасан гарагт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлэн ирүүлсэн.
Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг хэрэгтэй холбогдуулан өчигдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Одоогоор үргэлжүүлэн цагдан хорих эсэх асуудлаар прокурорын газарт санал хүргүүлээд байна.
Урьд нь саатуулагдсан байсан тагнуул, цагдаагийн ажилчдын талаар сайн мэдэхгүй байна. Уг хэрэг өнгөрсөн баасан гарагт МБА-нд шилжигдэн ирсэн учир хэргийг шалгаж байна" гэв.