Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Зеленский саналын хуудасны 99 хувийг тоолсны дараах байдлаар сонгогчдын 73.21 хувийн дэмжлэг авсныг тус улсын Сонгуулийн төв комиссоос мэдээлжээ. Тийнхүү украинчууд ирэх таван жил улсаа удирдах эрхийг “Ард түмний албат” намаас нэр дэвшигч, шоуменд өглөө. Тэрбээр өнгөрсөн сарын 31-нд болсон сонгуулийн эхний шатанд гол өрсөлдөгчөөсөө бараг хоёр дахин их буюу 30.24 хувийн санал авч, хоёрдугаар шатанд тунаж үлдсэн юм.
“Улстөрчийн туршлагагүй нэгэн ялсан нь Украины өнөөгийн байдлыг сонгогчид хэр их жигшсэнийг сонгуулийн дүн харууллаа” хэмээн улс төр судлаачид үзэж байна. Өөрөөр хэлбэл, Зеленский мундагтаа бус Порошенкогийн “гавьяагаар” илт давуу ялжээ. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч одоо ирэх намар болох парламентын сонгуульд санаа тавих ёстой.
“МОНГОЛ” ХҮҮ
Владимир Александрович Зеленский 1978 оны нэгдүгээр сарын 25-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улсын Днепропетровск мужийн Кривой Рог хотод мэндэлжээ. Аав Александр Семенович Зеленский нь техникийн ухааны доктор, профессор, Вадим Гетьманы нэрэмжит Киевийн үндэсний эдийн засгийн их сургуулийн Криворожскийн эдийн засгийн сургуулийн Мэдээлэл зүй, программ хангамжийн тэнхимийн эрхлэгч. Ээж Римма Владимировна нь инженер, одоо тэтгэвэртээ суусан аж. Владимир Зеленский багадаа аавыгаа даган Монголд дөрвөн жил амьдарчээ. Дараа нь төрөлх хотынхоо гимназад англи хэл гүнзгийрүүлэн судалж, 1995 онд төгссөн байна.
ГЭНЭТИЙН МЭДЭГДЭЛ
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд шинэ онтой золгохтой зэрэгцэн Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өрсөлдөөнд тус улсын алдартай жүжигчин, шоумен, кино зохиолч бөгөөд найруулагч, продюсер Владимир Зеленский оролцох болсныг иргэд нь мэджээ. Украины олигархи Игорь Коломойскийн “1+1” телевизийн шинэ жилийн нэвтрүүлгийн дундуур В.Зеленский орж, улс төрийн “хүнд жингийнхэнтэй” хүч үзэхээр шийдсэнээ мэдээлсэн юм. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко шинэ жилийн баярыг тохиолдуулан хэлсэн үгийг арай хожуу гаргажээ. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч, баярын ширээний ард ч хамгийн их хөндөгдсөн сэдэв болсон байна.
ТАЙЗЫГ ЭЗЭГНЭСЭН НЬ
Өдгөө 41 настай В.Зеленский нь Украины аж үйлдвэрийн хамгийн том төв болох төрөлх Кривой Рог хотдоо гимназ, Эдийн засгийн дээд сургууль төгсөж, хуульч болсон ч мэргэжлээрээ огт ажиллаагүй. Багаасаа урлаг, уран сайхан сонирхож, үзэгчидтэй харилцах талбар болсон театрын тайз түүний хожмоо нэрд гарах үндэс суурь болсон аж.
Хотынхоо Авхаалж сэргэлэнчүүдийн багт бүжгийн үзүүлбэр найруулагчаас гараагаа эхэлсэн тэрбээр удалгүй өөрөө бараг бүх гол үүргийг гүйцэтгэдэг болжээ. Өдгөө бараг домог болсон, уран бүтээлийн “95 дугаар хороолол” хамтлаг 1997 онд байгуулж, ОХУ-ын Авхаалж сэргэлэнчүүдийн клубийн дээд лиг (телевизийн алдартай шоу нэвтрүүлэг)-т байнга оролцож, Москвад олон цагийг өнгөрүүлсэн гэнэ.
Уг нэвтрүүлгийн халаагүй дарга бөгөөд хөтлөгч А.Масляковтой санал зөрсний улмаас Украины баг нутаг буцжээ. Ингээд тэд улс төрийн элэглэлээр дагнасан, телевизийн “Үдшийн хороолол” төслөө эхлүүлсэн байна. Үүнийг шүүмжлэгчид нь улс төрийн кабаре гэдэг.
Уран бүтээлээ үүгээр хязгаарлалгүй телевизийн дэлгэцээр цэнгээнт хэд хэдэн нэвтрүүлэг, мюзиклийн зохиол бичигч, хүүхэлдэйн хошин киноны зохиолыг хамтран бичигч бөгөөд жүжигчний хувиар гарч, дараа нь телевизийн олон ангит инээдмийн “Ард түмний албат” олон ангит киног бүтээгч, гол дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшжээ. Эл киноны нэр 2017 онд улс төрийн намын нэр болсон байна.
2014 онд Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагаж, сөрөг хүчин төрийн эрхэнд гарсан евромайданыг В.Зеленский дэмжжээ. Донбасст зэвсэгт мөргөлдөөн даамжрахад Украины арми, сайн дурынхны батальонуудын ажиллагааг сайшаан, эд материалын дэмжлэг үзүүлсэн байна.
В.Зеленский 2003 онд гэрлэсэн бөгөөд эхнэр Еленагийн хамт 14 настай охин Александра, зургаан настай хүү Кириллээ өсгөж байна.
“АРДЫН” ХӨТӨЛБӨР
Эхлээд Ерөнхийлөгчийн, дараа нь парламентын амбицаа илтгэсэн В.Зеленский сонгуулийн өмнөх кампанит ажлаа эхлүүлсэн бараг л эхний минутаас сонгогчидтойгоо ярилцахыг хичээжээ. Жирийн иргэн болгоны санаа бодлыг сонсохын тулд тусгай цахим хуудас нээж, сонгуулийн өмнөх хөтөлбөртөө заавал оруулах, улсад нь хамгийн их тулгамдсан таван асуудлыг бичихийг сонгогч бүрт санал болгосон байна. Үүнд “YouТube”-ийг ч ашиглажээ. Гурван долоо хоногийн дараа тус улсын Сонгуулийн төв комисс түүнд “Ард түмний албат” намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх олгосон байна.
Нэр дэвшигч нь сонгуульд эртнээс бэлтгэснийг үнэмлэх авснаас хойш хэсэг хугацааны дараа В.Зеленскийн сонгуулийн штабын дарга Иван Баканов мэдэгджээ. “Сонгуулийн төв комисст баримт бичгээ өгөхдөө мөрийн хөтөлбөртэйгөө байна гэж хэн ч санаагүй байх. Үнэндээ уг баримт бичгийг боловсруулахад тэрбээр долоон сар бэлтгэж, үүнийгээ хэнд ч хэлээгүй” гэж ВВС-д ярилцлага өгөхдөө И.Баканов мэдэгджээ.
Ардын шууд засаглалыг бодитойгоор хэрэгжүүлэх нэн шаардлагатай хэмээн В.Зеленский үзэж, Ардын засаглалын тухай хуулийн зохих төслийг юуны түрүүнд өргөн барихыг үүргээ болгосон байна. Украинчууд эрх баригчдынхаа зорилтыг бодитой болгох гол түлхүүр үүнд бий хэмээн тэрбээр үзжээ.
Мөн орчин үеийн технологийг өргөн нэвтрүүлэхийг чухалчилсан. Ерөнхийлөгч, парламентын гишүүд, шүүгчдийн халдашгүй байдлыг цуцлах, Төрийн тэргүүнд итгэл үл үзүүлэх тухай хууль батлахаа амласан байна.
Украинд энх тайван байдал тогтоох, алдсан газар нутгаа буцаах, эл зорилтоо шийдэхийн тулд Будапештийн тунхагт оролцогчдыг идэвхжүүлэхийг тэргүүлэх зорилтоо болгожээ. Украин улс НАТО-д элсэхийг зорих ч энэ үйл явцыг бүх нийтийн санал асуулга явуулах замаар шийдэх нь зүйтэй гэнэ. Тэрчлэн В.Зеленский улсаа Европын Холбоонд элсэж, Олон улсын валютын сантай нягт хамтран ажиллахыг дэмждэг.
Эдийн засгаа сүүдрээс гаргаж, татварын “ойлгомжтой” бодлого нэвтрүүлж, газрын ил тод зах зээл бий болгох аж. Эрчим хүчний нөөцөөрөө өөрийгөө хангадаг болоод зогсохгүй экспортолдог болно. Авлигатай тэмцэх, эрүүл мэндийн даатгалын системд шилжихийг гол анхаарлаа хандуулна. Мөн хүрэлцээтэй тэтгэвэр, чанартай боловсролын талаар ч тэрбээр хөндөхөө амласан. Ирээдүйн төлөө өнөөгийн тогтолцоог өөрчлөхийн тулд Ерөнхийлөгчийн ганц л хугацаанд ажиллахаа В.Зеленский онцлон тэмдэглэжээ.
ГАЖ КАМПАНИТ АЖИЛ
Түүний кампанит ажлын хэлбэр тогтсон хэв маягийг олон талаар эвдсэнээрээ анхаарал татсан. Нэр дэвшигчид зурагтаар гарахыг их хичээж, янз бүрийн шоунд оролцож, телевизийн нэвтрүүлгүүдийг улс төрийн шууд сурталчилгаа болгохыг оролддог байтал В.Зеленский эсрэгээр ажиллав. Сонгуулийн эхний шатанд скайпаар ганц удаа гарч, телевизэд нэг л удаа ярилцлага өгсөн. Телевизийн зарим сувгаар л сурталчилгаа явуулжээ. Тэгэхдээ өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагах түргэн арга хэмжээ авахын сацуу үр нөлөөгүй харагдах, эсвэл эвгүй байдалд орохоос зайлсхийхэд хүчин чармайлтаа чиглүүлж байв. Энэ бүхнийг түүний штабынхан нотолж, сонгогчидтой харилцах үеэ өнгөрөөсөн бус, нийгмийн сүлжээ мэтийн орчин үеийн технологийг илүүд үзэж буйгаа мэдэгдсэн байна. Мөн В.Зеленскийг дэмжсэн, зохион байгуулалттай нэг ч цуглаан болоогүй. Сонгуулийн хоёрдугаар шатны эхний мэтгэлцээнд оролцоогүй. Хоёр дахь мэтгэлцээнд оролцсон ч нэр дэвшигчид анхаарал татахаар байгаагүйг үзэгчид нь тэмдэглэсэн билээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ 2017 онд өөрөө 7.3 сая гривен буюу 268 мянган ам.доллар, эхнэр нь 800 мянган гривен буюу 29 мянган ам.долларын орлоготой хэмээн мэдүүлсэн нь тэдний үндсэн орлого хэмээн мэдүүлжээ. Мөн Киев мужид хувийн сууц, Киев хотод хэд хэдэн байртайгаас гадна Британид эхнэрийн хамт байр хөлсөлдөг. Шинжээчдийн тооцоолсноор энэ удаагийн сонгуулийн кампанит ажлын дундаж төсөв 100-150 сая ам.доллар болжээ. Хаанаас санхүүжсэнийг В.Зеленскийгээс асуухад “Хөдөлмөрлөж мөнгө олдог жирийн иргэд тусалдаг” гэжээ.
ХУВИЙН АМЖИЛТ
Шоумен Украины хэмжүүрээр толгой эргэм амжилтад хэрхэн хүрснийг ойлгох гэж олон мэргэжилтэн одоо ч тархиа гашилгасаар байна. Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсад судалгаа явуулж, эхний чансааг зарлахад л тэрбээр бүх өрсөлдөгчөө тасархай тэргүүлж байсан. Одоогийн Ерөнхийлөгчөөс ч бараг хоёр дахин их санал авсан. Энэ хоёрыг дараагийн шатанд шалгарвал хэрхэн хуйвалдсан нь ил болж мэдэхийг ажиглагчид тэмдэглэж байсан.
Нөгөөтээгүүр, В.Зеленский өөрийгөө танилцуулаад байхааргүй буюу хэдийн нэрд гарсан нэгэн. Улс төрийн хуучин намтар, түүхгүй нь түүний бас нэг давуу тал. Украины нөхцөлд шинэ хүний эрэлт маш өндөр байсан. Тэрбээр нас залуугаас гадна олигархи, эсвэл түшмэлийн хүүхэд биш ч амжилтад хүрч болдгийн жишээ болсон нэгэн билээ.