Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар тооцон шалгаж дуусав. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-т хүргүүлэхээр болсон байна. Тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, шүүхэд хандсан иргэний нэхэмжлэгчээс 20 сая төгрөг өгөхийг шаардаж, бэлнээр уг мөнгийг гаргуулж авсан. Улмаар хахуульд өгсөн мөнгөө нэхлээ хэмээн шүүхийн шийдвэрт нь удаа дараа нөлөөлсөн гэх хэрэгт холбогдсон аж. Иргэн П.О-ы гаргасан гомдлын дагуу холбогдох байгууллагууд нь шалгаад, АТГ-т шилжүүлсэн юм.
Түүнд холбогдох хэргийг шалгах, шүүхээр шийдвэрлэх явцад шүүгч П.Долгормаагийн бүрэн эрх нөлөөлж болзошгүй байсан тул хэрэгт хяналт тавьж буй прокурорууд ШЕЗ-өөр дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан албан тушаалаас нь түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлсэн талаар бид мэдээлж байсан билээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 14-нд зарлиг гаргаж, шүүгч П.Долгормаад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гарах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болсон юм. Түүнтэй хамт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргалын бүрэн эрхийг бас түдгэлзүүлсэн билээ.
Ташрамд дурдахад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 13 хэрэг нээж, таван хэрэг шүүхэд шилжүүлсэний дотор шүүгч П.Долгормаад холбогдох үйлдэл багтсан аж. Түүнээс гадна 600 000 төгрөгийн хахууль авч, хөдөлмөрийн чадвараа алдсан групп тогтоож өгдөг эмнэлгийн дарга, 21 сая төгрөгийн хахууль авсан төрийн өмчит компанийн хэлтсийн дарга зэрэг хүмүүст холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа