АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2018 онд шалгаж шийдвэрлэсэн хэргээ нэгтгэн, тайлангаа гаргажээ. Тус хэлтэст шалгасан хэрэг сүүлийн гурван жилд 4.8, холбогдсон хүний тоо 2.6 дахин өссөн байна. Зөвхөн 2018 оныг өмнөх онтой нь харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 2.6, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн хэрэг хоёр, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай шилжүүлсэн хэрэг хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Өнгөрсөн онд шалгасан 1138 хэргийн 31.3 хувь буюу 461 нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 140 буюу 9.5 хувь нь хахууль авсан, зургаа нь мөнгө угаасан, 25 нь үндэслэлгүй хөрөнгөжсөн, 42 буюу 2.9 хувь нь эрүү шүүлт тулгасан гэх үйлдэл байгаа аж. Мөрдсөн хэргүүдээс 2018 онд 224-ийг нь шүүхэд шилжүүлэх санал гаргасан бол хэрэг бүртгэлтийн хэргийг хаахаар 467-г нь прокурорт саналаа хүргүүлжээ. Графикт 2015-2018 онд шалгасан хэргийг хэрхэн шийдвэрлэснийг үзүүлэв.
Бэлтгэсэн: Г.Равжаа