Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албатай хамтран хар тамхитай тэмцэх нэгжийн удирдах алба хаагчдад 2019 оны дөрөвдүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж байна.
Уг сургалт нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албаны гадаад сургалтын хэлтсийн сургагч багш нар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, нутаг, дэвсгэр хариуцсан нэгжийн удирдах алба хаагч нар болон прокурорын байгууллагын ажилтнуудад хичээл сургалт орох юм.
Сургалтын үйл ажиллагааны нээлтэд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески болон Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар оролцож үг хэллээ.
Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал: Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт өсч, хэрэглэгчийн хүрээ улам бүр нэмэгдэж байгаа тул Хар тамхитай тэмцэх газрыг цагдаагийн төв байгууллагын даргын шууд удирдлагад байгуулж, үйл ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, алба хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Монгол Улсын цагдаагийн байгууллага, Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх алба хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны эхлэл гэж үзэж байна. Алба хаагч та бүхнийг сургалтад идэвхтэй оролцохыг хүсч, амжилт хүсье хэмээв.
Мөн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески болон Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзалт хийж, санал солилцлоо.