Та бүхэнд жуулчдын зорих дуртай үхлээр дүүрсэн долоон газрыг танилцуулж байна.
7. Эверэстийн оргил
Дэлхийн хамгийн өндөр уул болох Эверэстийн оргил руу өгсөх замд энд тэндгүй хүний хөлдсөн бие, араг яс хөглөрч байдаг хэмээн уулчид ярьдаг. Тус уулын хормой дахь гарааны цэг дээр "Хэрэв чиний замд үхсэн хүн тааралдвал чи зөв замаар явж байна" гэх бичиг нь уулчдыг их л түгшээдэг аж. Эверестийн уулын хамгийн бартаатай зам нь "Рэйнбов" гэх хавцал бөгөөд тус хавцалд хэдэн хүн “ясаа тавьсан” нь тодорхойгүй байдаг. 2014 онд Олон улсын уулчдын холбооны мэдээлснээр Эверэстэд 400 орчим уулчин нас барж байжээ.
6. Шар мөрөн
Хятадын ард түмэн Шар мөрөнд үүссэн хэмээн түүхчид үздэг. Иймээс олон хот тосгоныг дамнан оршдог энэ мөрнийг хятадууд эртнээс тахин шүтсээр иржээ. Хачирхалтай нь, тус мөрөнд олон мянган хүний цогцос хөвж байдаг. Тэдний дийлэнх нь амиа хорлосон, эсвэл усанд осолдож нас барсан хүмүүс байдаг ажээ.
Хятадын Засгийн газраас тэдгээр цогцсыг гаргаж авах талаар ямар ч бодлого хэрэгжүүлдэггүй бөгөөд энэ нь жуулчдыг татах арга хэрэгсэл хэмээн барууны хэвлэлүүд бичдэг. Харин нутгийн тариачин иргэн Вей Синг Пин 2010 оноос хойш цогцоснуудыг уснаас гаргаж буй. Амиа алдагсдын гэр бүлийнхэн түүнээр цогцос эрэн хайлгадаг бөгөөд Вей нь нэг цогцсыг 500 ам.доллараар хайж өгдөг гэнэ. Тэрбээр, долоон жилийн турш энэ ажлаа хийхдээ 500 орчим цогцсыг уснаас гаргажээ.
5. Парисын доорх бунхан
18 дугаар зууны үед Парис хотын оршуулгын газар ачааллаа дийлэхээ больжээ. Хотын иргэд нас барсан дотны хүмүүсийнхээ цогцсыг хаана оршуулахаа мэдэхгүй болгоход хүргэв. Зарим иргэд нь ил хаяхаас гадна, зарим нь Сена мөрөнд чулуудчихдаг байв. Иймээс Парис хотын захиргаанаас хотын газрын гүнд хонгил ухаж маш том бунхан бий болгожээ. Тэнд католик санваартнууд бүтэн зууны турш нас барагсдыг цогцсыг мөч мөчөөр нь салгаж, арьс махыг нь шулж оршуулж байжээ. Харин XIX зууны сүүл үеэр бунханыг хаахад тэнд ойролцоогоор 2 сая гаруй хүний цогцсыг оршуулсан гэж судлаачид үздэг. Францын Засгийн газраас энэ газрыг Аялал жуулчлалын онцгой бүс болгожээ. Хоёр километр гаруй үргэлжлэх энэ ясан хонгилыг Францын хөрөнгийн эх үүсвэрүүдийн нэг болно гэж хэн санах билээ.
4. Роопкунд нуур
Энэтхэгийн Уттарадханд байдаг Роопкунд нуур нь араг ясаараа алдартай. Тус нуур нь ихэвчлэн мөсөөр хучигдсан байдаг бөгөөд дулааны улиралд мөс бага зэрэг хайлах үеэр нуурын уснаас араг яснууд товойн гарч ирдэг гэнэ. Анх тус нуурны араг яснуудыг 1942 онд буюу Дэлхийн хоёрдугаар дайны үеэр илрүүлжээ. Тухайн үед британичууд эдгээр араг ясыг Энэтхэг рүү нууцаар гэтэн орох оролдлого хийж байсан япон цэргүүдийнх хэмээн сэжиглэж байв. Гэвч энэ нь япончуудынх гэж үзэхэд хэтэрхий эртний араг яснууд байжээ. 2004 онд археологичид нуурыг бүрэн судалж үзээд МЭ 850 оны орчимд чулуун нурангид дарагдаж амиа алдсан омгийнхны араг яс хэмээн баталжээ. Сүүлийн жилүүдэд тус нуурыг зорих жуулчдын тоо эрс нэмэгджээ.
3. Помпей хот
МЭ 79 онд Ромын эзэнт гүрний үеийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Помпейн дэргэд байрлах Весувиус галт уул дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас үүссэн халуун үнс нурам Помпей хотыг нөмөрч, олон мянган хүний амийг авч, чулуун хөшөө болгон хувиргажээ. 1738 онд нэгэн зураач Весувиус галт уулын дэргэд аялаж явахдаа газар доор нэгэн суурин байгааг илрүүлжээ. Тэр нь эртний мартагдсан Помпей хот байлаа. XX зууны дундуур археологичид газар доорх хотод хүмүүсийн араг яс байгааг илрүүлжээ. Халуун үнсэнд түлэгдэж амь үрэгдсэн хүмүүс нь яг л гипсдүүлсэн аятай харагдах бөгөөд нүүр, биеийн шинж тэмдгүүд нь үхлийн өмнөх үеийг нь дүрсэлжээ. 2015 он гэхэд Помпейгаас 1,150 хүн хөшөөг ухаж гаргажээ.
2. Седлек сүм
XV зууны үед нэгэн сохор санваартан Чехын Седлек гэх сүмийн ариун ёслолын танхимд араг яснуудыг хадгалсаар иржээ. Тус сүмд ойролцоогоор 70 мянган хүний араг яс хадгалагдаж байна. Энд хадгалагдаж буй араг яснууд нь дундад зууны үеийн аймшигт Хар тахал (Монголчуудын дэгдээсэн) болон 14-15 дугаар зууны үед Европд өрнөсөн дайны үеэр амиа алдсан хүмүүсийнх аж. XIX зууны эхээр Франтисек Ринт гэгч нь эдгээр яснуудыг эмх цэгцэнд оруулж төрөл төрлөөр нь байрлуулжээ. Чех хүмүүс ямагт энэ газартаа залбирал үйлддэг бөгөөд жуулчид энэ газрыг ариун хөрс цацагдсан сүүлчийн амрах газар гэж хэлдэг байна.
1. Цагаан хэрэм
Эртний Цин гүрний эзэн хаан Цин Ши Хуанди нь умард зүгийн нүүдэлчдийн довтолгооноос сэргийлэх зорилгоор 21 мянга километр үргэлжилсэн “Цагаан хэрэм” хэмээх гайхамшигт байгууламжийг бариулах ажлыг эхлүүлсэн түүхтэй. . Энэхүү хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн агуу байгууламжийг МЭӨ 221 оноос МЭ 1644 он буюу Мин гүрний үе хүртэл 1800 жилийн турш баригдаж, өнөөгийн энэ гайхалтай бүтээлийг бий болгожээ. Барууны хэвлэлүүд үүнийг дэлхийн хамгийн том оршуулгын газар хэмээн нэрлэдэг. Эрдэмтдийн тооцоолсноор цагаан хэрмийг барих явцад гэнэтийн осол болон бусад шалтгаанаас үүдэн 2-3 сая хүн амиа алдсан гэдэг. Амиа алдагсдыг хэрмийн дотор шавартай хамт цутгасан гэж судлаачид үздэг байна. Одоо энэ газар хятадын аялал жуулчлалын гол идэвхитэй бүс болоод буй.