ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд, Тусгай ажиллагааны газрынхантайгаа хамтран, оршин сууж буй байрандаа их хэмжээний мансууруулах бодис хадгалж, өөрөө хэрэглэж байсан БНСУ-ын иргэн К-г баривчлан шалгаж эхэллээ.
Энэ сарын 22-23-нд шилжих шөнө түүний талаарх мэдээллийг авч, Чингэлтэй дүүргийн нутаг дахь НХХЯ-ны ажилчдын орон сууц дахь гэрт нь нэгжлэг хийсэн байна. Улмаар 159 гр каннабис тусгай саванд хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авснаас гадна шинжилгээ хийхэд К мансууруулах бодис хэрэглэсэн нь батлагдсан байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, дэд хурандаа Г.Давааням “БНСУ-ын иргэн К Чингэлтэй дүүрэг дэх түр оршин суудаг байрандаа 159 грамм каннабис, савлагааны хамт хадгалж байсныг илрүүлэн НПГ-ын хяналт доор эд мөрийн баримтаар хураан авсан. Тухайн иргэн хэдий хугацаанд хэрэглэж байсан, зарж борлуулдаг, эсэхийг нарийвчлан шалгаж байна. Өмнөд Солонгосын иргэн, 53 настай К нь гоо сайхны бараа зарж борлуулдаг хэмээн мэдүүлж байгаа.
2019 он гарсаар манай газар 108 холбогдогчтой 54 хэргийг илрүүлэн шалгаж байна. Уг хэрэгт холбогдсон хүмүүсийн 80 орчим хувь нь 18-35 хүртэлх насны залуус. Иймд залууст хандаж хэлэхэд битгий нэгнийгээ даган дуурай. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхээс татгалзах нь ирээдүйгээ аварч байна гэсэн үг” хэмээн ярилаа.