Хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путины ээлжит халаа сэлгээний явцад Хармигийн ч удирдлага солигджээ. Энэ сарын 20-нд Халимагийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр спортын ертөнцөд Бату Хаан нэрээр алдаршсан кикбоксын дэлхийн аварга Бату Хасиков томилогджээ. Тулааны спортын дугуйлангаас Ерөнхийлөгчийн суудал хүртэл Бату Хасиков ямар замнал туулсан юм бол.
“Тулааны урлаг спорт биш”
Ирээдүйн дэхийн аварга 1980 онд Москвад төржээ. Гэхдээ Хасиковын гэр бүл 1991 онд Халимгийн Лагань хотод ирж суурьшсан байна. Тиймээс Бат Халимаг нутгийг өөрийн бага эх орон хэмээдэг аж. Батыг эцэг эх нь жүжигчин болно гэж бодон ардын бүжгийн дугуйланд өгсөн ч хүү 11 настай байхдаа каратэгээр хичээллэх болжээ. “Тулааны урлаг бол миний хувьд сдорт биш. Энэ бол амьдралын хэв маяг. Өөрийгөө нээх нэг арга юм. Тиймээс ойр дотныхон маань намайг дайчин гэж нэрлэдэгт гайхах хэрэггүй байх” гэж Халимгийн тэргүүн 2014 онд ярьж байжээ. 1977 онд Бат Москваг эргэн зорьжээ. Тэрээр каратэгийн ур чадвараа улам төгөлдөржүүлэн хэд хэдэн нэр хүндтэй тэмцээнд ялсан ч энэ нь түүнд хангалтгүй байлаа. Тэрээр байлдааны самбо, тай бокс,цэргийн гардан тулаан, жиу-житсу гээд өөр олон тулааны спортод хүч үзжээ. Эл эрэл хайгуул түүнийг кикбоксод авчирсан бөгөөд цаашдынх нь амьдралыг тодорхойлсон сонголт болсон байна. 2005 оноос эхлэн Бат Хасиков бүтэн контакттай тэмцээнд илүү ач холбогдол өгөх болжээ. Энэ нь тунд маш богино хугацаанд том амжилт авчирсан аж. Ердөө таван жилийн дотор тэрээр Ази тивийн аварга, ОХУ-ын аварга гурван удаа болж амжсан байна. Бат хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг ISKA,WKA, WAKO-Pro гээд кикбоксын хэд хэдэн тэргүүлэгч байгууллагын хувилбараар авчээ. Дэвжээнд Хасиков үнэхээр тамирчин гэхээсээ дайчин гэмээр харагддаг байжээ. Түүний дээд зэргээр төвлөрч чаддаг чанар, бараг итгэл эвдмээр тайван байдал өрсөлдөгчөөсөө илүүрхэхэд хүргэдэг аж. Түүний лоу-кик (хөл рүү өшиглөх) мэхэнд тогтож үлдэх хүн бараг үгүй аж. Ийнхүү Бат Хасиков Орос орны тулааны спортын нүүр царай болсон байна. Хэдий олон бай шагналын эзэн болсон түүний нэр дүрэмгүй зодооны од Оросын тулаач Федор Емельяненкогийнхтай адил дурдагддаггүй байлаа. Үүний нэг шалтгааны нь Бат ихэнх тулаанаа Орост хийсэн явдал байв. Тэрээр тамирчны карьерынхаа туршид ердөө хоёрхон удаа гадаад руу гарчээ. Нэг удаа Болгарт нөгөө нь Чехэд. Тамирчин Японд болдог К-1 Мах тэмцээний дэвжээнд гарах маш сонирхолтой байжээ. “Харамсалтай нь намайг ивээн тэгэх байгууллага олдоогүй, дээрээс нь надад менежер бахгүй, би өөрөө холбоо сүлбээ, танил тал муу байлаа” гэж Хасиков дурссан байдаг. Японы байгууллагын удирдлагуудтай бие даан холбогдох гэсэн оролдлого нь бүтэлгүйтэхэд Бат Оросын тулааны спортыг өөрчлөх ёстой юм байна гэдгийг ойлгожээ. Ингээд тэрээр хэсэг нөхдийн хамт Fight Nights Global байгууллагыг үүсгэн байгуулсан байна.
“Тамирчны хувьд гаргасан миний золиос”
Fight Nights Global 2010 онд байгуулагджээ. Хасиков байгууллагын гол хүмүүсийн нэг байсан ч тэрээр тулалдахаа орхисонгүй. Тэрбээр байгууллагаа нэр хүндийг Оростоо төдийгүй олон улсад таниулахын тулд тулалддаг байв. Кокбоксын од Хасиковын нэрээр Fight Nights Global бэхжиж байлаа. “Би зарчмын хувьд Fight Nights Global-с өөр тэмцээнд оролцдоггүй байв. Эх орныхоо тулааны спортод би ингэж л хувь нэмэр оруулж чадах байлаа” хэмээн тамирчин тэмдэглэжээ. Одоо түүний үүсгэн байгуулсан Fight Nights Global (FNG) ОХУ-ын тулаан спортын хамгийн нэр хүндтэй байгууллагын нэг болжээ. Тус байгууллагын ивээл дор Федор Емельяненко, Фабио Мальдонадо, Никита Крылов гээд тулааны спортын мега одууд тулалджээ. Саяхан UFC-ийн удирдлага FNG-ийн хэд хэдэн тамирчидтай гэрээ байгуулсан бөгөөд энэ нь Бат Хасиковын Орост тулааны спортыг хөгжүүлэх гэсэн хүсэл зорилго биелжээ хэмээн үзэж болох аж. Хасиков спортоо 34 насандаа орхисон байна.
“Спортлог улс орны төлөө”
Түүний намтрыг “өмнө нь” “дараа нь” гэж хуваахын аргагүй юм. Спортынхоо хажуугаар Хасиков бизнест хүч үзэж, нийгмийн ажилд идэвхийлэн, тэр байтугай кинонд хүртэл тоглож амждаг байлаа. Тэрбээр “Сүүдэртэй тулалдсан 2” (Бой с тенью) киноны нэг жижигхэн дүрээр анх дэлгэцэд гарчээ. Батын уран бүтээлийн санд хэд хэдэн киноны дүр байдаг бөгөөд том, жижиг аль ч дүрээ тэрээр олны сэтгэлд тод үлдээсэн авьяастай жүжигчин гэдгээ харуулжээ. Түүнийг эцэг эх нь буруу хараагүй бололтой. Хасиков 2003-2008 онуудад цагдаагийн байгууллагад ажиллаж ахлах дэслэгч болтлоо дэвшсэн явдал түүний дайчин чанарын бас нэг илрэл биз. Харин тэндээсээ дайчин эр улс төр лүү шилжин Халимгийн Ардын хурлын депутат болж залуучууд болон биеийн тамирын хороог ахалсан байна. Улс төр ч ялгаагүй түүнийг ивээжээ. Тун удалгүй Бату Хасиков Харимгийг төлөөлөн ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүн болсон байна. Түүний ажлын хүрээ шинжлэх ухаан, боловсрол болон соёлыг хамрах болжээ. Энд нэгэн сонирхолтой баримт дурдахад Бат биеийн тамирын багшийн мэргэжлийг эзэмшиж, Төрийн албаны Академид спортын талаарх Оросын бодлого сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан аж. Харин 2016 онд тамирчин эрдмийн зэргээ хураалгасан байдаг. Эл шийдвэрийг ОХУ-ын Найрамдлын Их сургуулийн эрдмийн зөвлөл Төрийн Думын гишүүд болон бусад нэр хүндтэй улс төрчдийн эрдмийн ажилд дүн шинжилгээ хийснээ дараа гаргажээ. Тэдний үзсэнээр бол Хасиков эрдмийн ажил маргаантай дүгнэлттэй бөгөөд их олон хэсэг нь өөр хүний ажлаас хуулбарласан байжээ. Хасиков энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. 2012 онд тамирчин асан спортын үнэ цэнийг таниулж, эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх зорилгоор “Спортлог улс орны төлөө” төрийн бус байгууллага байгуулжээ. Тус байгууллага Москва хотын төвд оршдог “Нескучный сад” цэцэрлэгт хүрээлэнд спортын баяр явуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Уг баярын үеэр алдар нэртэй тамирчдын удирдлага дор нээлттэй дасгалжуулалт хийж, Хасиков өөрөө кикбоксын хичээл явуулсан байна. Эл арга хэмжээ уламжлал болж жил бүр Оросын янз бүрийн хотуудад явагддаг аж.
Гэр бүл
Бату Хасиковын хувийн амьдралын талаар мэдээлэл хомс аж. Хасиковын эхнэр хоёр охины хамт амьдардаг. Мөн тэрээр эцэг эхээс гурвуулаа бөгөөд эгч Иляна нь хүүхдийн сэтгэл зүйч, эрэгтэй дүү нь дизайнер аж.
Халимгын удирдагч
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хасиков Владимир Путины итгэмжлэгдсэн хүнээр томилогджээ. Энэ томилогооны хүрээнд тэрээр Орос орон даяар аялж хэдэн арван тоглолт, нээлттэй хичээл, спортын арга хэмжээнүүд зохион байгуулжээ. Энэ сарын 1-нд Бату Хасиков ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Юрий Трутневтай тулалджээ. Оросын Засгийн газрын тэргүүний орлогч Юрий Трутнев мөн л тулааны спортын мастер бөгөөд каратэ кёкунсикайн 5-р дантай тулаач аж. Хоёр улс төрч 2 минутаар 5 раунд тулалдсан ч тэнцсэн байна. Хэдхэн өдрийн дараа Ерөнхийлөгч Владимир Путин Халимгийн удирдагчаар Бату Хасиковыг томилжээ.Одоохондоо Хасиков үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтой ч ирэх есдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн тул Халимгийн хамгийн алдартай хүний хувьд тэрээр энэ суудал үлдэх нь дамжиггүй биз.
ОХУ-ын Засгийн газоын орлогч Ю. Трутнев, Халимгын Ерөнхийлөгч Б. Хасиков нарын тулаан