“Сагсайдах” гэдэг үг цахим орчинд трэнд болоод байна. Энэ нь өнөөдрийн бэлгийн дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрсөн прокурор асан Е.Сагсайн "нүцгэн" бичлэгийг олон нийтэд ил болгосонтой холбоотой. Үүнийг ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян болон эрх зүйч Н.Буяннэмэх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ дэлгэсэн.
Тус бичлэгийг үзүүлж байгаа нь хууль, шүүхийн системд ажиллаж байгаа хүн яллагч, яллагдагч нарын хэнийг ч бэлгийн дарамтад оруулж, асуудлыг шийдвэрлэдэг зүйлийг таслан зогсоох, мөн иймэрхүү байдлаар хэнийг ч хамаагүй гэмт буруутайд тооцож ялладаг тогтолцоог халахын төлөө тэмцэх ёстой гэдгээ илэрхийлэхийг хүссэнээ дэд сайд асан онцлов. Мөн “Зөвхөн шүүхийн систем ч бус эмэгтэйчүүдийн эрхийг зөрчдөг нийгэм байсаар байна. Дээрээс нь өндөр албан тушаалтнуудтай холбоотой хүчингийн хэргийн хохирогчид хохирогч болж, хэрэгтнүүд мултарч байгаа, бэлгийн дарамтад өртсөн хэрэг яаж явагдаж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй” хэмээв.
Хууль, шүүхийн системтэй холбоотой асуудлууд зөвхөн өнөөдөр хөндөгдөж байгаа юм биш. Үеийн үед байсаар ирсэн, одоо ч байгаа. Хамгийн сүүлд гарсан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн долоон шүүгч прокурорт шалгагдаж байгаа мэдээнээс бэлхэнээ харж болно. Хуулийг хэн хүнээс илүүтэйгээр чандлан сахиж, мөрдөх ёстой хууль шүүхийнхэн маань өөрсдөө хууль бус хэргүүдэд удаа дараа оролцож, нэг бол гэмгүй хүнийг хэлмэгдүүлдэг, эсвэл аргалдаг “ёс” байгаа өнөө үед энгийн ард иргэд бид хэнд итгэх ёстой вэ? Иймд хууль хүчний байгууллагууд, шүүхийн тогтолцоог цэвэрлэх цаг нь болжээ.
Э.Эрдэнэжамъяны хэлснээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэргийн шинжтэй үйл явдал гарах юм бол өөрсдөө санаачлагаараа хэрэг бүртгэлтийн хэрэг нээх боломжтой байдаг гэнэ. Тэгвэл уг хэрэгт хавтас нээж, хэргийн үнэн мөнийг олж, "сагсайддаг" прокурорыг шүүхийн өмнө зогсоохыг хууль хүчнийхнээсээ шаардацгаая. Үнэн үг хэлсэн хүмүүсийг хэлмэгдүүлээд, худлаа хэлснийг нь хаацайлдаг тогтолцоог халж, хууль шүүхийн байгууллагыг цэвэрлэхийн тулд шүүгч, прокурор нараас эхлэх хэрэгтэй.