2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр 11 цагт БЗД-ийн 13 дугаар хороонд “””Офицер захын хажууд нэг жоохон хүүхэд машин доогуур хэвтэж байна”” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны иргэн цагдаагийн байгууллагад өгсөн.
Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад 6 настай эрэгтэй А өглөөний 07 цагийн орчимд гэрийнхээ гурван давхрын цонхоор унаж, осгож нас барсан нөхцөл байдлыг тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Сэрэмжлүүлэг: Уг гэмт хэрэг бага насны хүүхдийг хараа хяналтгүй, үл хайхарснаас үүсэлтэй үйлдэгдсэн. Иймд Эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь цоожилж үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих
1.Хүүхдийн эрхийг зөрчиж:
1.1.хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан;
1.2.хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн;
1.3.хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хүүхдийг:
3.1.өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан;
3.2.бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгосон бол сургуулийн нийгмийн ажилтан, багшийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сургуулийн захиргааг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.