Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” буюу “Эс Си Ти И Си Эм” компанийн захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн. Шүүхээс Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгож,“Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн хэргийн талаар бид өнгөрсөн оны зургадугаар сарын 12-ны дугаартаа дэлгэрэнгүй нийтэлсэн билээ.
Уг нь энэ хүмүүсийн буруутай үйлдлээс болж хохирсон 13 компанийнхан 17.4 тэрбум төгрөгөө олж авахын тулд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх санал гаргасан байдаг юм. Гэвч Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, УЕПГ-ын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч нарын болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас прокурор, хохирогчдын саналыг шүүх бүрэлдэхүүн үл ойшоож, хохирсон дээрээ хохир гэсэн байдлаар хандан шийдвэрлэсэн юм.
ЛИ ЖОН ЁЛ АНХНААСАА МӨНГӨ ЗАВШИХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН ГЭЖ ӨМГӨӨЛӨГЧ ҮЗЭВ
Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замын шороон даланг босгосон туслан гүйцэтгэгч 13 компанид олгох санхүүжилтээс 17.4 тэрбум төгрөг завшсан хэмээн аж ахуйн нэгжийн удирдлага гомдол гаргасан юм билээ. “Монголын төмөр зам” ХК-иас “Эс Си Ти И Си Эм” компанитай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт дээрх чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ул шорооны (далангийн) ажил хийлгэхдээ “Жилин мандал”, “Мапроуд”, “Монроуд” зэрэг 13 компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан нь шалгалтаар тогтоогдсон. Улмаар МТЗ-д тайлангаа өгөхдөө 107.3 тэрбум гаруй төгрөгийн ажил гүйцэтгэсэн хэмээн баримт бүрдүүлсэн аж. Харин туслан гүйцэтгэгч нарт 89.8 тэрбум төгрөг хуваан олгожээ. Прокурорын яллах дүгнэлтэд “Монголын төмөр зам” ТӨХК-д 107 342 372 298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр тайлан гаргаж, санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нарт 89 850 922 153 төгрөг олгон, захиалагч ТӨХК-иас 17 491 450 145 төгрөгийн илүү санхүүжилт авсан. Гэвч нэр бүхий 13 компанид санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоог багасгаж “Жилин мандал”-д 1 324 870 580, “Мапроуд”-д 1 530 633 812, “Бидний зам”-д 1 081 609 225, “Билэгт зам”-д 882 256 590, “Дардан говь”-д 928 139 256 төгрөг, “Повер ложистик” ХХК-д 305 405 115 төгрөг гэх мэтээр ажлын тоон хэмжээг багасгаж, санхүүжилтийг дутуу олгон залилж, их хэмжээний буюу нийт 9 816 704 690 төгрөгийн хохирол учруулсан хэмээсэн юм.
“Жилин мандал”, “Арц суварга”, “Повер ложистик” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Энхжин гаргасан гомдолдоо “Хохирогч нар мэдүүлэгтээ “Ли Жон Ёл ажлын гүйцэтгэлийг анхнаасаа хасаж, дардаг байсан, төлбөрийг дараа сард оруулна” гэдэг байсныг удаа дараа хэлсэн. Тэрбээр төсөл хэрэгжүүлж байх хугацаанд байнга ийм үйлдэл гаргадаг байсан. “Монголын төмөр зам” ТӨХК-иас туслан гүйцэтгэгч нарын хийсэн ажлын гүйцэтгэлээр бүрэн санхүүжилт авсан атлаа хохирогч нарт тэр хэмжээгээр олголгүй, өөрийнх нь гарын үсгээр мөнгө олгодог эрхшээлд нь байгааг мэдэж, анхнаасаа энэ бүхнийг нуун дарагдуулж, залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэх санаа зорилготой байсан гэдэг нь тодорхой харагдаж байна. “Эс Си Ти Си И Си Эм” ХХК-ийн захирал Ли Тэ Сог болон Цолмонсүрэн нарын мэдүүлгээр тус компанид ирсэн нэхэмжлэхүүд санхүүгийн хэлтэст очиж, хамгийн сүүлд Ли Жон Ёлын гарын үсгээр мөнгө гардаг, санхүүжилт олгох, мөнгө гаргах, эсэхийг шийдэх эрх бүхий гол албан тушаалтан эрхээ ашиглаж өөртөө давуу байдал бий болгож туслан гүйцэтгэгч компаниудад олгох ёстой мөнгийг завшсан гэдэг нь харагдаж байна” хэмээсэн юм.
ӨМНӨ НЬ ЗУРСАН ЗУРГИЙГ ШИНЭЭР ЗУРУУЛСАН МЭТЭЭР БАРИМТ БҮРДҮҮЛСЭН НЬ ТОДОРХОЙ БАЙЖЭЭ
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын зураг төслийг БНСУ-ын хөрөнгө оруулалттай, Гу Ду Хёон захиралтай “Соён инженеринг” компаниар хийлгэсэн мэтээр баримт бүрдүүлж мөнгө завшсан үйлдлийг шүүх хэрэгсэхгүй болгосон билээ. Хавтаст хэрэгт цугласан нотлох баримтаар бол дээрх чиглэлийн төмөр замын дээд, доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах ЕРС компанитай гэрээ байгуулаагүй байхад буюу 2013 оны гуравдугаар сарын 1-нд “Соён инженеринг” компанитай 2 308 402 ам.долларын өртөгтэй, 267 км замын үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны наймдугаар сарын 24-нд “Соён инженеринг Монголиа” гэх ижил нэртэй гэж харагдах, компанийн захирал Гу Ду Хёонтой 2 684 000 ам.долларын өртөгтэй барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан аж. Улмаар уг төмөр замын ажилд ашиглах зураг төсөл боловсруулах ажлыг Монгол Улсад мөрдөж буй стандарт, норм журмыг зөрчиж, төмөр замын зураг төсөл боловсруулах эрхгүй “Соён инженеринг”, “Соён инженеринг Монголиа” ХХК-иар суурь судалгаагүйгээр гаргуулж, мэргэжлийн байгууллагаар магадлал хийгдээгүй байхад төмөр зам барих ажилд ашиглан, 1.9 тэрбум төгрөг завшин хохирол учруулсан гэж Ли Жон Ёл, Гу Ду Хёон нарыг буруутгасан.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралд оролцсон прокурор Ц.Насанбат хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар бүлэглэн үйлдсэн “Соён инженеринг Монголиа” компанийг БНСУ-ын хуулийн этгээд “Соён инженеринг” компанитай ойролцоо нэртэйгээр 2013 оны наймдугаар сарын 22-нд Гу Ду Хёоны санаачилгаар, нэг өмчлөгчтэйгөөр байгуулж, “Эс Си Ти И Си Эм” компанитай барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ гэх бичиг баримт байгуулан, 2 684 000 ам.доллар буюу 2.9 тэрбум төгрөг шилжүүлж авсан. БНСУ-ын “Соён инженеринг” компанийн гүйцэтгэсэн Ухаахудагаас Гашуунсухайт хүртэлх 267 км замын Үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил, Гу Ду Хёоны Монгол Улсад үүсгэн байгуулсан “Соён инженеринг Монголиа” компанийн гүйцэтгэсэн гэх барилгын зураг төслийн ажил болон урьд “Смек Монголиа” компанийн гүйцэтгэсэн уг замын барилгын ажлын зураг төсөл, тооцооллуудын ялгаатай болон ижил төстэй шинжийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлт, уг төмөр замын барилгын ажлыг туслан гүйцэтгэж байсан компаниудын захирал, инженер техникийн ажилтнуудын мэдүүлгүүдэд дурдагдсан үйл баримт болох “Төмөр замын ажлыг гүйцэтгүүлэхээр “Эс Си Ти И Си Эм” компаниас өгсөн зургийг “Смек Монголиа” компанийн зураг гэж бодож байсан” гэх мэдүүлгүүдэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэрэгсэхгүй болгосон.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газарт түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрт төлбөл зохих 691 372 560 төгрөгийг завшихдаа аймаг, сумын нэр оролцсон нэртэй хуулийн этгээд болох “Өмнө хан богд говь” нэртэй компани байгуулж, уг компанийн дансаар ашигт малтмал ашигласны төлбөр гэсэн гүйлгээ хийж, уг эд хөрөнгийг өөрийн захиран зарцуулах эрхэд шилжүүлж авсан байгаад шүүх анхаарал хандуулаагүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан эдгээр хууль зүйн дүгнэлтүүд нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд буцаах саналтай” гэжээ.
Ийнхүү хохирсон компаниуд нь ч гомдолтой, прокурор нь ч хууль зүйн үндэслэлийг нь дэлгэрэнгүй тайлбарласаар атал Дээд шүүхийн шүүгчид татвар төлөгчдийн мөнгийг завшсан гадаадын иргэдийн толгойг илсэн нь хачирхалтай.
Бэлтгэсэн: Г.Равжаа