Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НПГ-ын Хяналтын прокурор н.Эрдэнэсувд мэдээлэхдээ “Нэгдүгээрт, Тавантолгой нүүрсний ордыг УИХ-аар батлуулах ажилд Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой баримтуудыг гаргаж өгөөд, шалгуулах хүсэлт тавьсан. Үүний дагуу НПГ-аас харъяаллын дагуу хяналт тавьж ажиллаж байна. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 163 дугаар зүйл анги буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Үүнийг хамтад нь шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн байгаа. Уг хэрэгт өнгөрсөн сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудан байцаасан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Уран зураг хураасан гэх асуудлын хувьд Хан-Уул дүүргийн прокурор хяналт тавьж ажиллаж байгаа.
Хоёрдугаарт, ХХБ-ны 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан асуудлын эх үүсвэр нь тодорхойгүй гэх үндэслэлээр ЭЦА, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг хэрэгт мөрдөгчдийн зүгээс ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, Пүрэвтүвшин, Хүрэлбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах болон мөнгө угаах гэмт хэргүүдэд яллагдагчаар татах санал ирүүлсэн. Мөн Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарын хувьд нэмээд банкны чадварыг алдагдуулсан гэсэн зүйл ангиар тус тус яллагдагчаар татах саналыг ирүүлсэн. Хэргийг хянаж үзээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.долларыг төрийн мөнгөнөөс авсан нь тогтоогдвол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны асуудал яригдана. Хэргийн нотлох баримтууд дээр үндэслэн дээрх дөрвөн хүнийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн гэх асуудлыг шалгаж байгаа бөгөөд одоогоор яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзээд нарийн шалгахаар буцаасан байгаа.
Гуравдугаарт, С.Зориг агсны амь настай холбоотой хэргийн хувьд өмнөх шүүхийн тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тухайн үед шалгалтыг хийж байсан тагнуулын хоёр ажилтныг саатуулсан асуудал бий. Гэхдээ энэхүү хэрэг нь нууцын зэрэглэлтэй учир нарийвчлан мэдээлэл өгөх боломжгүй байна.
Дөрөвдүгээрт, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт нийтдээ долоон шүүгчийг шалгаж байгаа. Гэхдээ албан ёсоор эрүү үүсгээд, яллагдагчаар татсан асуудал байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудал байгаа. Энэ нь хөрөнгөжсөн гэх асуудалтай ямар ч холбоогүй.
Мөн ЖДҮ-гийн асуудлаар УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг татсан байгаа" гэв.