УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж асан С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэгт багтаж байсан хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 14 хоног саатуулан шалгах болсон. Энэ сарын 18-ны даваа гарагт тэднийг хорьсон. Тэд өмнө нь зарим хэвлэлд бичиж байсан шиг хурандаа цолтой албан тушаалтан биш гэдгийг баттай эх сурвалжууд мэдээлэв. ТЕГ, ЦЕГ, АТГ-ын хамтарсан, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын ахалсан ажлын хэсгийнхэнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчиж эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл ирсэн юм байна. Үүнийг тагнуулын байгууллага дотоод хяналт шалгалтаараа шалгаад, үндэслэлтэй гэж үзэн АТГ-т шилжүүлсэн юм байна. Цагдаа, тагнуул, прокурор, шүүх зэрэг хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг шалгадаг байсан Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, гүйцэтгэх чиг үүргийг нь АТГ-т шилжүүлсэн тул ийнхүү тус газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нарийвчлан шалгаж, хоёр хүнийг саатуулах саналаа прокурор, шүүхэд хүргүүлсэн юм байна.
Мөн энэ хэрэгт холбогдуулж дахин хоёр хүнийг яллагдагчаар тооцож, нэгийг нь хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорьсныг эх сурвалжууд батлав.
Албадан саатуулсан хүнийг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэх юмбайна. Яллагдагчаар тооцон хоригдсон хүн нь Төв аймаг дахь Цагдан хорих байрны төлөөлөгчөөр ажилладаг офицер аж. Харин саатуулагдаагүй ч энэ хэрэгт шалгуулж буй албан тушаалтан нь ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газарт эрх бүхий албан тушаал хашдаг нэгэн гэдгийг эх сурвалжууд хэлэв.
С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, гэрч Д.Булган нар нь Төв аймаг дахь Цагдан хорих байранд хоёр жил шахам саатуулагдсан билээ. Энэ хугацаанд дээрх хүмүүсийг эрүүдэн шүүсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон юм байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа