Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Б нь ангийн багшдаа зодуулсны улмаас элэг нь бяцарчээ. Одоогоор хүүг ГССҮТ-д эмчилж байгаа бөгөөд аав нь сахиж байв. Энэхүү хэргийн талаар бид хүүгийн аав Л.Батсайханаас тодрууллаа.
-Хүүгийн тань биеийн байдал хэр байна вэ?
-Хүү маань 17 настай, төгсөх ангийн сурагч. Одоогоор хагалгаа амжилттай болсон ч биеийн байдал нь сайнгүй байна.
-Багш ямар шалтгаанаар сурагчаа зодох болов?
-Хичээлд хоцорч ирсэн, тамхи татсан л гэсэн. Багш нь уурандаа толгой руу нь цохиход манай хүүхэд толгойгоо хамгаалсан юм билээ. Тэр үед нь доороос нь элэгдэхэд хүүхдийн маань элэг бяцарсан. Тэр нь бугалж идээлсэн байхаар нь бид яаралтай ГССҮТ-д ирж, хагалгаа хийлгээд идээг нь цэвэрлүүлсэн.
-Багшид хариуцлага тооцсон уу?
-Хүүхэд маань багшдаа хариуцлага тооцохыг хүсэхгүй байна. "Манай багш буруугүй шүү, багш уурандаа л намайг цохисон биз, миний гай таараад гэмтэл үүсчихлээ" гээд л байна.
-Гэр бүлийн зүгээс хариуцлага тооцох бодол байна уу?
-Мэдээж бид гомдолтой байгаа. Харин хүүхэд өөрөө л хүсэхгүй байна. Бас багаас нь сургаж өдий хүргэсэн болохоор бид ч яахаа мэдэхгүй байна. Тавдугаар нь ангиас нь эхлээд долоон жил багшилсан байсан. Юутай ч ээжийнх нь талын хамаатнууд цагдаад өргөдөл өгсөн гэсэн.
-Эмэгтэй багш гэсэн. Ямар хичээл заадаг байсан юм бэ?
-Нийгмийн хичээл заадаг, хүүгийн маань ангийн багш.
-Эмч нар юу гэж байна?
-Эмч нар "бид нар авах ёстой арга хэмжээгээ авсан. Эмнэлгээс гартал нь эмчилгээг нь сайн хийлгээрэй гэсэн. Юутай ч бид энд 10 хоног эмчилгээ хийлгэх шинжтэй юм шиг байна.