Мэргэжлийн хяналтын байгууллагаас "УБТЗ" Монгол-Оросын ХНН-т төлөвлөгөөт шалгалт хийж байна. Энэ талаар МХЕГ-ын талаас "Өнгөрсөн таван жилийн хугацаанд "УБТЗ" ХНН хяналт шалгалтад хамрагдаагүй бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд төмөр замтай холбоотой осол 62 удаа гарсан. Үүнээс зөвхөн 22-ыг нь үйлдвэрийн осолд тооцоод, үлдсэнийг нь үйлдвэрийн бус осол гэж тооцсон нь учир дутагдалтай. Энэ нь эрсдэл их байгааг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, МХЕГ-ын эрсдэлийн үнэлгээгээр УБТЗ ХНН нь өндөр эрсдэлтэй гэж гарч байна. Иймд МХЕГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шалгалт хийх шийдвэр гаргасан. Гэтэл "УБТЗ" ХНН-ийн дарга шалгалт оруулахгүй хэмээн хоёр удаагийн албан бичиг бидэнд ирүүлсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналт үүссэн 75 жилийн түүхэнд бид анх удаа ийм татгалзсан хариу авлаа. Тэдний зүгээс Монгол-Оросын хамтарсан нийгэмлэг учраас Оросын талаас зөвшөөрөл авах ёстой гэсэн шаардлага тавьсан. Иймд бид ЗТХЯ-нд хүсэлт тавьж, зөвшөөрөл авсны үндсэн дээр ийнхүү шалгалт оруулахаар боллоо. Дөнгөж сая УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаа шалгалт оруулахыг зөвшөөрсөн ч санхүүгээ шалгуулахаас татгалзлаа. Ингэснээр ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, нөхөн олговор зэрэг тооцоо, санхүүтэй холбоотой асуудлыг шалгах боломжгүй юм байна. Хяналт шалгалт дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ" гэлээ.