Хүн хэдхэн хормын тэвчээр алдсанаасаа болж насан туршдаа хар толботой үлдсэн тохиолдол маш их. Гэрэл дохионы анхааруулах шар гэрэл асаж байхад жолооч нар хурдаа сааруулж зогсохынхоо оронд хаазаа нэмэн давхиж, зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор явж буй машинтай мөргөлдөх, явган зорчигчийг дайрах осол багагүй гардаг. Гэрэл дохио солигдоогүй байхад дуут дохиогоо хангинуулан урдаа зогсож буй жолоочийг шавдуулан араас нь мөргөх нь ч бий. Энэ мэт тэвчээргүй, омголон зангаасаа болж өөрөө ч, өрөөлийг ч хохироосон хэрэг маш их гарах боллоо. Тиймээс ч ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, “JCI Монгол” олон улсын байгууллага хамтран хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн “Нэг хором” аяныг эхлүүлээд буй билээ. Залуус өнөөдөр гудамж талбай, баар цэнгээний газарт үл ялих зүйлээс болж маргалдах явдал их. Үүнийгээ зодоон цохионоор шийддэгээс болж, нэг нь торны цаана сууж, нөгөө нь амь нас, эрүүл мэндээрээ хохирдог.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Цэнгэлбаяр “Бид эхлээд уураа барьж, тэвчих ёстой. Хоёрдугаарт, хууль эрх зүйн мэдлэгээ сайжруулах хэрэгтэй байна. Асуудлыг нударгаар шийдэхгүй өөрийнхөө үйлдлийг хязгаарладаг байгаасай. Мөн согтууруулах ундааг тохируулж хэрэглэх хэрэгтэй. Уурлаж, биеэ хянах чадваргүй болсноор хэрэг, зөрчил гарч тэр тоолонд хэн нэгний амьдрал орвонгоороо эргэж байна.
Тухайлбал, хоолныхоо давсыг бага хийлээ гэсэн шалтгаар нэгэндээ уурлаж, зурагтын удирдлага шидсэнээс болж эхнэр нь хараагүй болсон хэрэг гарсан. Хэдхэн хоногийн өмнө Багахангай дүүрэгт байрлах аж ахуйн нэгжийн харуулууд ээлжээ солилцох үедээ цэвэрлэгээ хийсэнгүй гэж маргалдан зодолдож, нэгнийхээ гарыг хугалсан байна. Хотын соёлд хүн бүр суралцах ёстой. Бусдыг хүндэтгэж, асуудлыг нударгаар шийдэхгүй байх хэрэгтэй” хэмээн ярьсан.
Монголчууд бид ямаан омгоо бага ч болов дарж, уураа барьж сурвал аливаа гэмт хэргийн хохирогч, холбогдогч бололгүй тайван амьдарч чадах билээ. Харамсалтай нь, тэгдэггүйгээс амьдралынхаа турш хар толботой явахад хүрч байна. Хууль, эрх зүйн орчин чангарсан өнөө цагт тэвчээр алдсан нэг хором амьдралыг орвонгоор нь эргүүлэхэд хүрсэн жишээ баримтыг эш татан хүргэе.
ШҮРГЭЛЦСЭНЭЭ ЗОДООНООР ӨНДӨРЛҮҮЛСЭН ЗАЛУУСЫН ГЭМШИЛ
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн харьяалдаг нутаг дэвсгэр бол хотын төв хэсэг. Энд бусад Цагдаагийн хэлтсийг бодвол гэмт хэргийн дуудлага, мэдээлэл харьцангуй бага. Гэхдээ Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нэлээд их гардаг. Учир нь баар, уушийн газар, караоке олон байдгаас халамцаж, согтсон залуусын хооронд үл ойлголцол үүсэн, нэг нь эрүүл мэндээрээ хохирч, нөгөө нь хэрэгтний ширээнд суух явдал их аж. Дээрх хэлтэст 2018 оны байдлаар хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 457 гарсныг бүртгэн шалгасан бөгөөд холбогдогчдын олонх нь согтууруулах ундаа хэтрүүлснээс зодоон, цохионд холбогдсон байна.
Нэгэн бодит хэргээс энд эш татъя. Чингэлтэй дүүргийн IV хороонд үйл ажиллагаа явуулдаг “Tiger” хэмээх шөнийн клубийн үүдэнд энэ хэрэг өнгөрсөн оны зургадугаар сарын 17-ны үүрээр болжээ. Нэг нүднийх нь харааны тодорхой хувь нь муу Г тус цэнгээний газарт найзуудын хамт үйлчлүүлж байгаад ариун цэврийн өрөөнөөс гарахдаа үүдээр орж ирсэн гурван залуугийн нэгийг шүргэжээ. 04.00 цаг болсон учраас үйлчлүүлэгч оруулахгүй хэмээн хамгаалагч нар нь дотогш нэвтрүүлээгүйгээс тэр гурван залуу үүдэнд зогсож байсан аж. Г-д шүргүүлснээс өөр нэг нь энэ үеэр уурлан маргалдаж, улмаар баарны гадаа нэг цохив. Цохиулаад тонгойх үед нүүрийг нь О гэх залуу өшиглөсөн нь Г-ыг насан турш хараагүй болгоно чинээ санаагүй биз. О хохирогчийн нүд рүү өшиглөснөөс цэцгий нь хагарчээ. Улмаар хараа сул байсан нүдэндээ нөлөөлж орчлонг харах чадвараа алдсан гэнэ. Хохирогч “Би хөлгүй, гаргүй болсон бол арай дээр байж. Насан туршдаа юу ч харахаа болино гэдэг хамгийн хэцүү юм байна” хэмээн уйлж сууна. Эхнэр, хүүхдүүдэд нь ч мэдээж энэ явдал хүнд туссан нь гарцаагүй.
Харин хүний эрүүл мэндэд маш хүнд хохирол учруулсан О “Би жаахан л тэвччихгүй, хүний өмнөөс ааг омгоо юунд гаргав даа” хэмээн гасалж суугаа юм билээ. Мэдээж хохирогчийн эмчилгээний зардал зэргийг нөхөн төлөхөөс гадна насан туршдаа хөдөлмөрийн чадвараа алдсан түүний хохирлыг шүүх О-аас гаргуулах нь гарцаагүй. Уураа барилгүй гаргасан ганц цохилт өнөөгийн ханшаар хамгийн багадаа л нэг сая төгрөгийн зардлыг тухайн уурсагчаас гаргахад хүргэж байна.
“БИ НЭГ Л ХОРОМ ТЭВЧСЭН БОЛ ХҮНИЙ ТАРХИЙГ ГЭМТЭЭХГ ̄Й БАЙСАН ШҮҮДЭЭ”
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхний шалгасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн дийлэнх нь гудамж талбай, олон нийтийн газарт үйлдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2018 онд шалгасан 457 гэмт хэргийн 200-гаад нь гудамж, олон нийтийн газарт гарчээ.
Залуус ядуу, буурай нэгэнд дээрэлхүү, том биетэй бол жижиг, давжаа хүнд ааг омгоо гаргах явдал байдаг. Ийм нэгэн тохиолдлыг энд баримт болгон хүргэе. Чингэлтэй дүүргийн нутаг, “Монтел” гар утас худалдааны төвийн орчимд явж байсан нэг залуугийн хажуугаар архи үнэртүүлсэн эр өнгөрөхдөө халаасанд нь гараа хийх шиг болжээ. Биеийнхээ чадалд эрдсэн залуу нөгөөх эрийг барьж авч, хулгайч, миний халаасыг ухлаа хэмээж сүрийг үзүүлж. Улмаар шатны уруу түлхэв. Гэтэл нөгөөх эр маш их цус алдаж, ГССҮТ-д хүргүүлэн удаан хугацаанд хэвтэж эмчлүүлсэн ч бүрэн эдгэсэнгүй. Өдгөө тархины гэмтэлтэй, ухаан санаа нь орж гардаг болсон байна. Харин тэр өндөр боловсролтой, том биетэй эр яллагдагчийн ширээнд сууж насан туршийнхаа амьдралд бараан толботой болон халаглаж байна. Тэрбээр “Би нэг л хором тэвчиж, уураа ганцхан хором л барьж дийлсэн бол хүний тархийг гэмтээхгүй байсан, өөрөө хэрэгтний ширээнд суухгүй байсан шүү дээ” хэмээж сууна.
Б.ГАНБААТАР: УУР БУХИМДЛАА “УУЧЛААРАЙ” ГЭДЭГ ҮГЭЭР СОЛЬЖ СУРЦГААЯ
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг Цагдаагийн газар, хэлтсүүдийн Хэрэг бүртгэх албанд шалгаж шийдвэрлэдэг. Нийслэлийн хэмжээнд хэв журам сахиулж, гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэдэг анхан шатны нэгж болох дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасагт шалгаж байгаа юм. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүүхэд, залуучууд их холбогдож ял шийтгүүлж байгаа юм. Энэ төрлийн хэрэг жил бүр өсөж байна. Түүнээс гадна уг хэргийн 61 хувь нь нийслэлд, 31 нь орон нутагт гардаг бөгөөд 27-30 хувь нь гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газарт үйлдэгддэг. Ихэнх нь 22.00-06.00 цагийн хооронд гарч буй аж. Улсын хэмжээнд гарч буй энэ төрлийн хэргийн улмаас хохирогчдын 89.6 хувь нь хөнгөн, 5.7 нь хүндэвтэр,4.5 нь хүнд гэмтсэн байна.
Тэгвэл хотын төвийн чухал хэсгийг хариуцдаг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, хошууч Б.Ганбаатараас нөхцөл байдал ямар байгааг тодруулахад “ЦЕГ-ын даргын 2018 оны А/11 тоот тушаалаар Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн Хэрэг бүртгэх алба дагнах шалгахаар шийдвэрлэсэн. Энэ төрлийн хэргийг үйлдсэний дараа бус, зөрчил гарч байх шатанд нь таслан зогсоож, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Бид эхлээд уураа барьж, тэвчих ёстой. Асуудлыг нударгаар бус, өөрийнхөө үйлдлийг хянаж ухаалгаар шийддэг болох нь чухал байна. Уурлаж, биеэ хянах чадваргүй болсноос энэ төрлийн хэрэг, зөрчил гарч, улмаар хэн нэгний амьдрал орвонгоороо эргэж байна. Хүн бүр аливаа асуудалд ганц хором ухаанаа төвлөрүүлж боддог болбол өөрийгөө ч, өрөөлийг ч аварч чадна.
Манай дүүргийн хэмжээнд 2017 онд 1441 гэмт хэрэг гарч байсан бол 2018 онд 1629 болж өссөн. Тэр дундаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бас л өссөн үзүүлэлттэй байгаа. 2017 онд 257 хэрэг гарч байсан бол өнгөрсөн онд 264 болж, 2.7 хувиар нэмэгдсэн. Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 17.3 хувиар өссөн байгаа. Тэгэхээр залуус энэ төрлийн хэргийн хохирогч, холбогдогч болохгүйн тулд хэн хэндээ хүлээцтэй ханддаг болох нь чухал.
Ааг омгоо гаргасан ганц цохилт хоёр хүний амьдралд хар мөр үлдээж байгаа. Зөвхөн цагдаагийн үүдийг сахихаас гадна хохироосон хүнийхээ эмчилгээний зардлаас авхуулаад эдийн засаг, мөнгө санхүүгээрээ их хохирдог. Хохирсон иргэн ч ялгаагүй эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохироод зогсохгүй ажлын чадвараа ч тодорхой хугацаанд алдаж, мөн л эдийн засгаараа хохирдог. Тэгэхээр залуус маань цаашдаа нэг цохилт хоёр амьдралыг сүйтгэнэ гэдгийг ойлгож, хүлээцтэй, ааг омгоо тэвчиж, уур бухимдлаа “уучлаарай” гэдэг үгээр сольж сурмаар байна” гэлээ.