2004 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн 2007 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс 6 жилийн хорих ялаар шийтгүүлж 2009 онд 1 жил 10 сар 20 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2016 онд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Улаанбаатар хотын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, М гэгч нь суллагдаж гарснаасаа хойш иргэдийг хууран мэхэлж залилан мэхлэх гэмт хэргийг удаа дараа үйлдсэн хэрэг шалгагдаж байна.
Тэрбээр одоогийн байдлаар /Улаанбаатар хот болон 13 аймгийн 26 суманд/ нийт 43 удаагийн үйлдлээр 46 хохирогчоос 15.795.000 төгрөгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлж байгаа аж. Залилан мэхлэх гол арга нь “Үндэсний лавлах 1900-1950” гэсэн лавлах утаснаас тухайн сум орон нутгийн засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нарын утасны дугаар, мөн байгууллагын дарга нарын утасны дугааруудыг авч Олон улсын Жайка байгууллага, Сангийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөө аж ахуйн яам, Боловсролын яам зэрэг байгууллагуудын нэрийг барьж “танай сумаас 2 иргэнийг Олон улсын Жайка байгууллагаас хэрэгжүүлж буй “Шинэ амьдрал төсөл”, Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Буцалтгүй тусламжийн төсөл”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас хэрэгжүүлж буй “Улсаас буцалтгүй тусламж олгох төсөл” зэрэгт хамруулна, таны амьдрал, эрхэлж буй бизнесийг чинь дэмжиж 10 саяас 25 сая төгрөгийг олгоно, байртай болгоно, төсөлд хамрагдахын тулд урьдчилгаа төлбөр хураамж төлсөн байх шаардлагатай” гэж итгүүлэн иргэдийг хуурч мэхлэн иргэдээс тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгийг өөр хүмүүсийн дансыг гуйж ашиглан шилжүүлэн авах арга хэлбэрээр залилах гэмт хэргээ үйлддэг байна.
Иймд иргэд та бүхэн танихгүй хүнтэй утсаар холбогдож тэдний амлалтад итгэж мөнгөө шилжүүлэхгүй байх, мөн өөрийн дансаар бусдын мөнгийг шилжүүлэн авч өгөхгүй байхыг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна.