Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнайгаас олны анхаарал татсан зарим хэргийн явцын талаар тодрууллаа.
-Нэр бүхий зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан шалгахаар болсон ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээс татгалзсан нь олон нийтэд хардлага төрүүлээд байгаа. Яагаад татгалзсанаа тайлбарлаж болох уу?
-АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Авлигын эсрэг хууль тогтоомжид заасны дагуу шүүгч нарын 2012-2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаад нэр бүхий зургаан шүүгчийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө, орлогын эх үүсвэр хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, эргэлзээтэй байна гэж үзсэн. Улмаар Мөрдөн шалгах хэлтэстээ “Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай” мэдээлэл хүргүүлсэн байдаг. Үүний дагуу Мөрдөн шалгах хэлтсээс хоёрдугаар сарын 13-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, ирүүлснийг манайх хянаад холбогдох шалгалт хийх нь зүйтэй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар олгосон.
Гэтэл маргааш нь буюу хоёрдугаар сарын 14-нд
нэр бүхий зургаан шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг ШЕЗ-д уламжлуулах тухай албан бичиг ирүүлсэн. Энэ асуудлыг прокурор хянаад тавьж буй хүсэлт нь үндэслэлгүй гэж үзсэн юм.
Учир нь прокурор бол Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчлийн, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг субъект. Тиймээс мөрдөх байгууллагуудаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахдаа хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, эсэх, мөрдөгч нарын үйл ажиллагаа нь дээрх хуулийн заалтуудад нийцэж буй, эсэх, мөн бусад хууль тогтоомж, заавар, журмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянадаг үндсэн үүрэгтэй.
Гэтэл гэмт хэрэг мөн, эсэхийг шалга гээд хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар олгосны маргааш нь мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулалгүйгээр, тухайлбал, гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө, орлогын эх үүсвэрийг шалгаж тогтоох, эх сурвалжийг нягтлах, гэрчүүдээс мэдүүлэг, тайлбар авах гэх мэт ажиллагаа хийлгүйгээр шүүгч нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлье гэсэн хүсэлт ирүүлсэн. Ингэж болохгүй, хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа юм. Тиймээс шүүгч нарт холбогдох хэргийн материалтай прокурор танилцаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа тухайн үйлдэлд гэмт хэргийн шинж бий, эсэхийг нарийвчлан шалгалгүйгээр бүрэн эрхийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Бид хуульд заасан шаардлага тавьсан. Үүнийг шалгуулахгүй гэсэн мэтээр буруу, ташаа мэдээлж байгаа нь харамсалтай.
-УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттэй холбоотой хэргийг НПГ түдгэлзүүлсэн” гэж мэдээлсэн. Үнэхээр түдгэлзүүлчихээд байгаа юм уу?
-Энэ ташаа мэдээлэл. 2018 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүн, тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттэй холбогдолтой асуудлыг шалгуулах тухай” гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг АТГ-т хүргүүлсэн байдаг. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн оны хоёрдугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Хэргийг түдгэлзүүлсэн, хаасан зүйл огт байхгүй. Хэрэгт нэлээд ажиллагаа хийсэн.
-ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн харуул хамгаалалттай байранд нас барсан талийгаач Л.Б-гийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийж, АТГ-ынхан хууль зөрчсөн хэмээлээ. Үүнд тайлбар өгөөч.
-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй эрүүгийн хэрэгт шалгуулж байсан Б хоригдож байх явцдаа нас барсан асуудалд МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгчид хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн Прокурорын газар хянаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж одоогоор алга. Шалгалтаар хууль тогтоомж зөрчсөн, эсэх нь тодорхой болох байх. Манай хууль сахиулах байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргийн явц, байдал, нууцлалыг сайтар хангамаар байна. Хууль хяналтын байгууллагуудын дунд үүнтэй холбоотой маш их хардлага, үл ойлголцол үүсэж байгаа. Хэргийн оролцогч нарт ч буруу, ташаа ойлголт, мэдээлэл очдог боллоо. Улмаар хэргийн холбогдогч, хохирогчийн ар гэрийнхэн ч хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хандсан буруу, ташаа мэдээлэл өгөх юм.
Бие, биенээ үгүйсгэж хэвлэл, олон нийтийн сүлжээгээр өөр өөрийнхөөрөө асуудлыг тайлбарлах, зөвтгөх, ойлгуулах, няцаалт өгөх гэсэн оролдлогын цаана хэрэг хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагаанд хүндрэл учирч байгаа шүү дээ. Шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл, сонсгол хийж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед хууль, хяналтын байгууллагыг харлуулах гэсэн буруу, ташаа мэдээлэл тарах боллоо. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэг, маргааныг хянан шалгахад амаргүй, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх гэж оролдож байна. Яг үнэндээ сүүлийн хэдэн жил бид төрийн өндөр албан тушаалтнуудын өдүүлсэн хэргүүдийг ил гаргаж, тэмцэж, шударга ёс тогтоох гэхээр сөргүүлээд тэднээс янз бүрийн дайралт ирэх боллоо.
Ямар сайндаа л хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хуулийн дагуу зохих шаардлага тавихаар тухайлбал, шүүгч нарын хэрэг дээр хаалт хийгээд байгаа мэтээр ташаа мэдээлэл тарааж байх жишээтэй. Ер нь бүх хэргийг хуулийн хүрээнд адилхан шалгаж, хянан, шийдвэрлэж байгаа шүү дээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа