Нийгмийн даатгалын байгууллагаас зарласан “Танд ойрхон - Найрсаг үйлчилгээний жил”-ийн хүрээнд гурван төрлийн үйлчилгээндээ шинэчлэл хийлээ.
1. Тэтгэвэр тогтоох, өөрчлөх, олгох процессыг хурдасгажээ
Тэтгэвэр тогтоох, өөрчлөх, олгох үйл ажиллагааг шинэчлэн, дамжлагын буюу давхар хяналтын системээр зохион байгуулжээ. Ингэснээр хяналт сайжирч, шийдвэрлэх хугацаа 2-6 дахин багаслаа.
Өмнө нь нь тэтгэвэр тогтоолгох баримт бичгийг хүлээн авч зөвлөгөө өгөх, мэдээллийн санд бүртгэж тэтгэвэр тогтоох, хянах үйл ажиллагааг харъяаллын дагуу нэг байцаагч дагнан гүйцэтгэж, 30 хоног зарцуулдаг байсан бол дамжлага бүрийг өөр байцаагчид хариуцуулснаар хяналт сайжирч, зарцуулах хугацаа 5-14 хоног болжээ.
Одоогийн байдлаар 410 мянга гаруй даатгуулагч тэтгэвэр авч, жилд 25 мянга орчим даатгуулагч шинээр тэтгэврээ тогтоолгодог. Эдгээр иргэдийн хувьд чанартай, шуурхай үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа юм.
2. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хувийн данс руугаа шууд авах боломжтой боллоо
Тэтгэмжийн тогтоолт, олголт, хяналтын шат дамжлагыг багасгаж, даатгуулагчдад хялбар байдлаар өөрчилжээ.
Өмнө нь даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ зөвхөн ажил олгогчоороо дамжуулан авдаг байсан бол одоо өөрөө хүсвэл ажил олгогчоороо дамжуулалгүй шууд өөрийн дансанд шилжүүлэн авах боломжтой боллоо.
Нийгмийн даатгалын байгууллагаас жилд 60 мянга гаруй даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг бөгөөд тэдний хувьд тэтгэмжийн мөнгөө илүү шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа юм.
3. Архивын лавлагаагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй боллоо
Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагч, ажил олгогчдод олгодог архивын лавлагааны үйлчилгээндээ шинэчлэл хийж шуурхай болжээ.
Өмнө нь иргэд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, төлбөр зардал авахдаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж, цаасан лавлагаа авдаг байсан бол одоо иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо цахимаар солилцож эхэлжээ.