Талийгаач Л.Бямбаагийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хоёрдугаар сарын 21-ний орой талийгаачийг цагдан хорьсон. Тав дахь өдрийн өглөө талийгаачийг АТГ-ынхан өөрсдийн байран дээрээ авчраад бүтэн өдрийн турш ганцааранг нь нэг өрөөнд суулгасан байдаг. Энэ бол эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр юм. 68 настай эмэгтэй хүнийг бүтэн өдрийн турш нэг өрөөнд суулгасан байсан бөгөөд тэнд юу болж өнгөрснийг хэн ч мэдэхгүй. Бидэнд байгаа мэдээллээр АТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд, комиссар, ахлахууд нь орж ирж дарамталсан гэсэн. Өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллага байцаагдаж байхдаа хэнтэй уулзсан, ямар дарамтанд байсан тухай мэдээллийг авч чадаагүй байгаа.
Хуульд зааснаар шүүхийн шийдвэргүйгээр саатуулсан тохиолдолд 24 цагаас илүү хугацаагаар саатуулж болохгүй гэж заасныг АТГ, ШШГЕГ зөрчсөн. Монголд АТГ гээд дийлдэшгүй байгууллага байдаг болчихжээ. Хүний амь насыг хохироочихоод уучлалт гуйхын оронд "Энэ хүн чинь авлига өгч байгаад баригдсан" гэх утгатай мэдээллийг цацаж байна. Ар гэрийнхнийх нь хэлж буйгаар талийгаач амиа хорлох хүн биш.
Мөн АТГ-ынхан хяналтын өрөөний камерын бичлэгээ өгөхгүй байгаа нь дарамталсан гэж үзэх үндэслэлтэй юм. Монгол Улсын Үндсэн хуулиар ямар ч хүн өмгөөлөгчтэйгөө уулзах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл энэ хугацаанд өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэй нь холбогдохыг боломжийг олгоогүй зэрэг хууль зөрчсөн олон үйлдэл байгаа тул АТГ, ШШГЕГ хууль бусаар хорьсон, эрүүдэн шүүсэн зэрэг үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэдгийг хэлсэн юм.