ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан иргэн амиа алдсан хэргийн талаар тус газрынхан дотоод хяналтаараа илрүүлсэн зөрчил, авсан арга хэмжээнийхээ талаар өчигдөр мэдээлсэн бол ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас хэргийн шалгалтын явцын талаар товч танилцууллаа.
Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдлэх болсон, улмаар хувийн өмгөөлөх нөхөрлөл байгуулан удирдаж байсан Гавьяат хуульч Л.Б-г хоёрдугаар сарын 22-23-нд шилжих шөнө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж, саатуулсан. Гэвч суллагдахаасаа өмнө цаг бусаар нас нөгчсөн нь өдгөө олны анхааралд байна. Дундговь аймгийн нутаг дахь Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хятадууд, тэдэнд үйлчилж байсан монгол залуусын хээл хахууль авсан, өгсөн хэрэгт хамжигчаар оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай Л.Б-г хорьсон байсан ч суллагдахаасаа өмнө нас барсан юм. Ар гэрийнхэн нь талийгаачийг “Амиа хорлох хүн биш, гаднын нөлөөтэй нас барсан” гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
ГЭРЭЭСЛЭЛИЙГ ШШҮХ-НД ШИНЖЛҮҮЛЖ БАЙНА
Хэргийг шалгаж буй МБА-ныхан өчигдөр эхэлж мэдээлэл хийсэн юм. Тус албаны дэд дарга, хурандаа С.Буянжаргал, Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Т.Баатар, Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч С.Ууганбаяр нар мөрдөн байцаалтад хяналт тавьж буй Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрлийн дагуу тайлбар өгөв.
Хошууч С.Ууганбаяр “2019 оны хоёрдугаар сарын 24-ний 00.15 цагт цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан байсан 68 настай, эмэгтэй Л.Б нас барсан тухай дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч, шалгаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр
“Талийгаачийг санаатай бүрэлгэсэн, захиалгаар хөнөөсөн” гэх мэдээлэл цацах боллоо. Мөрдөн шалгах ажиллагаагаар нөхцөл байдлыг бүх талаас нь тодруулж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар Цагдан хорих 461 дүгээр ангийн камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж аваад үзлэг шалгалт хийж байна.
Амь хохирогчийн үхлийн шалтгаан болон хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд мөрийн баримтууд, гэрээслэлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр хүргүүлсэн. Дүгнэлт гараагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад анхаарч ажиллаж байна” гэв.
Хурандаа Т.Баатар
“Энэ хэрэгт АТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн, ШШГЕГ-ын алба хаагчид хариуцлага алдсан гэх асуудал ярьж байгаа. Энэ бүхнийг шалгаж байна” гэсэн юм.
Ц.АМГАЛАНБАЯР: ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГИЙН ДАРГА НАРЫГ ЧӨЛӨӨЛСӨН
Үүний дараа ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн нар харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид нь саатуулсан байсан хүн амиа алдсантай холбогдуулан шалгалт хийж, шийдвэрлэсэнээ мэдээлэв.
Ц.Амгаланбаяр, “ШШГЕГ-ын даргын тушаалаар дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалт хийлээ. Улмаар ШШГЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар уг шалгалтын дүнг хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан. Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид албан үүрэгтээ хайнга хандаж, сонор сэрэмж алдсан нь тодорхой болсон. Тухайлбал, давхрын харуул хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн ажилтнууд ажлын байран дээрээ сонор сэрэмж алдсан. Мөн ерөнхий эргүүл, ээлжийн дарга нар хариуцлага алдаж хяналтаа сулруулсан нь шалгалтаар тогтоолоо. Тиймээс шалгалтын дүнг хэлэлцээд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга болон харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, бусад холбогдох албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн” гэж мэдээлээд хэргийн талаар цагдаагийн байгууллагаас лавлахыг сануулсан юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа