ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан шүүгчийн асуудлаар мэдээлэл хийлээ.
МБА-ны дэд дарга, хурандаа С.Буянжаргал: 2019 оны хоёрдугаар сарын 24-ний 00.15 цагт цагдаагийн 102 тусгай дугаарт ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид баривчлагдсан байсан 68 настай эмэгтэй Л.Бямбаа нас барсан талаарх дуудлага мэдээллийг хүлээн авсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн мэдээллийг прокурорын байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгч байна.
МБА-ны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийг чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хошууч С.Ууганбаяр: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач Л.Бямбааг санаатайгаар амь насыг нь хохироосон, захиалгаар алсан гэх мэдээлэл гарч байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт эд мөрийн баримтаар 461 дүгээр ангийн хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хурааж авсан. Хохирогчийн үхлийн шалтгааныг тодруулах болон хэргийн газраас хурааж авсан эд мөрийн баримтад шинжилгээ хийлгэхээр ШШҮХ-д шинжээч томилсон байгаа. Одоогоор дүгнэлт гараагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай, бодитой явуулах тал дээр хяналт тавин ажиллаж байна.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Амиа хорлосон гэдгийг нь тогтоогоогүй байгаа юм уу?
-ШШҮХ-гийн шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй байгаа учир энэ талаар хэлэх боломжгүй. Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хурааж авсан. Үүнд шинжээч томилсон байгаа. Камерын бичлэгийг ч мөн эд мөрийн баримтаар хурааж авсан. Гадуур алдагдсан зүйл байхгүй.
-Талийгаачийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байсан гэсэн. АТГ-ын ажилтныг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юу?
-Энэ хэрэгт АТГ-ын албан тушаалтнуудаас хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн, ШШГЕГ-ын ажилчид хариуцлага алдсан гэх асуудлуудад холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа.
-Нас барахаас нь өмнө уулзсан хүн байдаг уу. Гадуур авч явж байцаасан гэх мэдээлэл байсан?
-Хяналт шалгалтын ажил явагдаж байгаа. Одоо бол прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд л мэдээлэл өгөх боломжтой.