ШШГЕГ-аас 461-р ангид шүүгч амиа алдсан хэргийн талаар тус байгууллагын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн тайлбар өглөө.
"Иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. Гэтэл хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:40 минутын орчимд хэрэг болсон. Хоригдож байсан өрөөндөө ганцаараа байсан бөгөөд давхар орны дээд талын хөндлөвч төмөрнөөс хөхний даруулгын мөрөвчөөр хоолой боосон байсан гэв.
Хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Хяналтын ажилтнууд болон давхрын харуулууд ажилдаа хайхрамжгүй хандсан, сонор сэрэмж алдсан гэх асуудлууд байгааг үгүйсгэхгүй. Иймд шалгалтын дараа бүх зүйл тодорхой болно. Ер нь өрөөг хянаж байдаг харуул хяналтын камераар 20-30 төхөөрөмж дээр хяналт тавьж ажилладаг. Харин хувцасных нь тухайд гэвэл тухайн эдэлж хэрэглэж байсан гадуур болон дотуур хувцастай орохыг зөвшөөрдөг. Сэтгэл санааны байдал ч анхаарал татах хэмжээнд байгаагүй" гэлээ.