Сэлэнгэ аймгийн Мандал суманд автомашины ослоор амь насаа алдсан долоон настай хүүгийн ар гэрээс өнөөдөр мэдээлэл хийж, хүүхдийнх нь аминд хүрсэн этгээдэд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосонд гомдолтой байгаагаа илэрхийллээ.
2017 оны зургадугаар сарын 7-ны өдөр Мандал сумын иргэн 22 настай М.Мөнхтулга өдөр хашааныхаа үүдэнд тоглож байсан долоон настай Н.Түвшинбаатар хүүг автомашинаараа мөргөж, 50 метр газар чирэн амь насанд нь хүрчээ. Тус хэргийг нь үйлдсэн хэмээн талийгаачийн ар гэр мэдэгдлээ. Талийгаач хүү Гэмтэл согог судлалын үндэсний төвд тав хоног ухаан оролгүй байсаар зургадугаар сарын 12-нд нас барсан аж.
Энэ хэргийг аймгийн сум дундын шүүхээс хөнгөн хэрэг хэмээн үзэж талийгаач Н.Түвшинбаатар хүүгийн аминд хүрсэн этгээдэд нэг жил тэнсэн харгалзах ял оноож, авто машин жолоодох эрхийг нь гурван жилээр хассан байна. Уг шүүхийн шийдвэрт гомдолтой байгаагаа хүүгийн ээж хэлэв. Тэрбээр “Анх энэ хэргийг шалгасан мөрдөн байцаагч хэт удаан шалгаж, үүнээс болоод хоёр жил өнгөрсөн ч асуудлыг шийдэж чадахгүй явж байна. Бид холбогдох бүх газарт нь хандаж үзсэн. н.Мөнхсүх байцаагч тэр үед "тархины саа өвчтэй хүүхэд" гэх худлаа дүгнэлтийг эмнэлгээс гаргуулж аваад хэргийг хөнгөн хэрэг болгосон. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цус хуралт, няцралт, эрүүний хугарал, хэвлийн зүүн тал ташаа цавины тархмал зулгаралт гэх мэт гэмтэл нь доргих, үрэгдэх үед буюу авто ослын үед үүснэ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй гэж гарсан. Бид үнэхээр гомдолтой байна. Хүү минь ямар их тарчилж байгаад үхсэн билээ дээ. Гэтэл тэр этгээд өнөөдөр зүгээр машинаа бариад явж байна. Хууль хаана байна.
Дээд шатны шүүхийн шийдвэрүүдийг Мандал сумын шүүх, прокурор, цагдаагийнхан үл ойшоосоор өнөөдрийг хүрлээ. Энэ талаар Монгол Улсын ерөнхийлөгч, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, ХЗДХ-ийн сайдын нэр дээр, цагдаагийн ерөнхий газар, цагдаагийн ёс журам гээд бүхий л дээд шатны байгууллагад гомдол гаргаж, чиглэл чиглэлийн дагуу шалга гэсэн үүрэг өгөхөд өнөөдрийг хүртэл чирэгдүүлсээр байна" хэмээн ярилаа.