Сүүлийн жилүүдэд хоолны хордлого, халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эхлүүлэхээс өмнө Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.1–д заасны дагуу харьяалах нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлэх, урьдчилан хяналт шалгалтад хамрагдсан байна.
- Хоол үйлдвэрлэлийн газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан байна.
- Хоол үйлдвэрлэлийн байр нь байгалийн болон зохиомол гэрэлтүүлэгтэй, механик агааржуулалтын системийн дуу 67 децибелээс дээшгүй, ариутгах татуургын төвлөрсөн, хэсгийн шугам сүлжээтэй, шал, хана, таазыг ус нэвтэрдэггүй, бат бөх, тэгш гөлгөр гадаргуутай, өнгө үзэмж сайтай цэвэрлэхэд хялбар материалаар хийж, хортон шавж, бичил биетэн үржихээс хамгаалсан байна.
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахдаа “Хоолны газрын ангилал зэрэглэл. Ерөнхий шаардлага” MNS 4946:2005 стандартын үндсэн шаардлагыг хангасан байна.
- Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа эрүүл ахуйн зохистой дадлыг өөрийн үйл ажиллагааны бүх үе шатанд хэрэгжүүлж ажиллана.
- Хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, тэдгээрийн сав, баглаа боодол нь чанар, эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийн шинжилгээ баталгаажилтад хамрагдсан байна.
- Хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох болон дотоод хяналт шалгалтын бүртгэл, тэмдэглэл, тайлан тооцоо, лабораторийн шинжилгээний хариу зэрэг мэдээлэл болон баримт бичгийг хадгална.
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үйлчилдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэхэд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтнууд нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаартай тушаалд заасан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна.
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй ус нь “Ундны ус MNS 900:2018” стандартын шаардлагыг хангасан байна.
- Хоол бэлтгэхдээ түргэн муудахгүй хүнсний бүтээгдэхүүнийг сонгож, савлагаа, хадгалах нөхцөлийг онцгой анхаарна.
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу зориулалтын дагуу тээврийн хэрэгслээр тээвэрлэж, хадгална.
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээг мэргэжлийн мэргэшсэн, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан ажилтан эрхэлнэ.
- БОАЖС, ХХААХҮС, ЭМС-ын хамтарсан 2018 оны 2 дугаар сарын 22-ны А/32, А-28, А/63 дугаартай тушаалын жагсаалтад орсон пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон халдваргүйтгэлийн бодисыг зааврын дагуу хэрэглэнэ.
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын угаалга цэвэрлэгээг тогтмол хийх хуваарьтай, ажиллагсад нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр бүрэн хангагдсан байна.
- Хортон шавж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар улирал тутам тогтмол хийлгэж, байгууллагын дотоод дүрэмтэй, дотоод хяналтын ажилтан буюу нэгж нь үр дүнтэй ажиллаж дотооддоо байнга хяналт тавьж бүртгэл хөтөлнө.