Нэр хүндтэйд тооцогдох ерөнхий боловсролын сургуулийн удирдлага эрх мэдлээ ашиглаж, элсэгчдээс хээл хахууль авсан нэг бус хэргийг АТГ-ынхан өнгөрсөн намар үйлдэл дээр нь илрүүлсэн билээ. Өдгөө Улсын тэргүүний I сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг тэргүүтэй долоон хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Тэгвэл бусдаас хахууль авсан хэрэгт холбогдсон БСШУСЯ-ны харьяа “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнэ нарт холбогдох хэргийг тус шүүх өчигдөр хэлэлцлээ.
Түүнийг 2018-2019 оны хичээлийн жилд “Шинэ эхлэл”-ийн зургадугаар ангид элссэн Н-ыг тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцүүлснийхээ төлөө ээж Н.Оюун-Эрдэнээс нь энэ оны зургадугаар сарын 23-нд 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгасан юм. НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан бусдаас хахууль авсан үндэслэлээр Л.Эрдэнэд яллах дүгнэлт үйлдсэн билээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн даргалж өчигдөр 15.00 цагт хэлэлцсэн шүүх хурлаас Л.Эрдэнийг хахууль авсан гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин хахууль өгсөн Н.Оюун-Эрдэнэ, зуучилсан гэх Г.Гантулга нарт тэнсэн харгалзах ял оноолоо.