Нийслэлийн цагдаагийн Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэлийн СХД, БГД, БЗД, ЧД-ийн нутаг дэвсгэрт 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ноос эхлэн 2019 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн хооронд нийт 24 удаагийн үйлдэлтэй бусдын гэр, орон сууцанд нууцаар нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлсан дөрвөн этгээдийг илрүүлэн, шалгалттын ажиллагаа үргэлжилж байна.
Тус этгээдүүд нь бүлэглэн үйлдсэн эд зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газруудад/ ломбард/ тавьдаг нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулддаг зарим барьцаалан зээлдүүлэх төвд гэнэтийн хяналт шалгалтыг хийхэд үйл ажиллагаа явуулах зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн ажилладаг, бичиг баримтгүйгээр иргэдийн эд зүйлийг авдаг зэрэг зөрчлүүд тогтоогдсон байна.
Тус этгээдүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 17.1 Хулгайлах, 17.2.1 Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгааласан байр агуулахад нэвтэрч гэх зүйл заалтаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Он гарсанаас хойш тус хэлтсээс 18 холбогдогчтой, 140 гаруй сая төгрөгийн хохиролтой 205 хэргийг илрүүлэн шалгаж байна.