Сар гаруй хугацаанд үргэлжлээд буй “Тусч” аяны маань хугацаа дуусч, дал гарсан хөгшин, долоон хүүхэд, осолд орсон залууд сайхан сэтгэлт олны тус дэмийг хүргэхээр энэ сарын 30-ны өдөр хөдөлсөн.
Энэхүү аяныг Unuudur.mn сайт маань эхлүүлэхдээ саалийн үнээ авч өгөхөөр төлөвлөж байсан ч бид удаан зөвлөлдөж хэлэлцсэний эцэст мөнгийг бэлнээр нь өгөхөөр шийдсэн. Тиймээс энэ сарын 29-ний өдөр Төрийн банкны 340004203382 дансыг хаалган, мөнгөө авч зорьсон айлдаа очив.
Биднийг очиход аяны маань эзэд ам бүлээрээ угтан авлаа. Г.Батмөнх эмээд Төрийн банкны тамга тэмдгээр баталгаажсан дансны хуулга болон мөнгөө хүлээлгэн өгөхөд “Тоолоод яахав дээ. Түмний минь буян түшсээр байх юм даа” хэмээн алгаа тосон хүлээж авсан юм.
Үүнээс гадна энэ гэр бүлд туслахаар хэд хэдэн хүн өөртэй нь холбогдон портер түлээ өгч, 500 мянга орчим төгрөг хандивлан чадах чадахаараа тус дэм болцгоосон. Цаашилбал хавар болтол гурилын хэрэгцээгээр хангаж, хувцас өгөх, дулаалгыг нь хийж өгөх зэргээр тусламж үзүүлэхээ амласан хүмүүс ч бий. Энэ мэт олон түмний тус дэмийг эмээ болон хүүхдүүд нь талархан хүлээж авсан юм.
Харин Б.Эрдэнэчулуун ахаас биеийн байдлыг нь сураглахад “Хөл хааяа өвдөөд л байгаа. Ах нь хөл дээрээ босдог юм бол хэдэн хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийх болно” хэмээн хуучиллаа. Түүний биеийн байдал урьдынхаасаа хамаагүй дээрдсэн харагдаж байв.
Зорьсон хэргээ бүтээсэн биднийг үдэж өгөхөөр эмээ гарч ирээд “Ажил үйлс нь дэлгэрч байг” гээд хацар дээр үнслээ. Биднийг хөдлөх гэтэл энэ айлын хамгийн отгон хүүхэд Бондок гараад иржээ. Тэрээр зүрхэн хэлбэр үүсгэж буй бололтой гараа толгой дээрээ өргөн “Хайртай шүү” гээд зогсож байв. Үүнийг харж сэтгэл хөдлөхийн зэрэгцээ хандив өргөсөн хүн бүр тэдний талархлыг харсан бол гэж бодон цааш хөдөллөө.