Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга гээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг АТГ-ын мөрдөгчийн саналыг үндэслэн, НПГ-аас дахин цагдан хорих санал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, энэ сарын 16-нд 30 хоног хорихоор шийдвэрлэсэн билээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн гаргасан уг захирамжийг түүний өмгөөлөгч эсэргүүцэж, ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Мөнх-Эрдэнэд хандсан бөгөөд өчигдөр хянан хэлэлцээд батлан даалтад гаргасан байна. АТГ, НПГ-ынхан зайлшгүй цагдан хорьж шалгах шаардлагатай гэж үзээд үндэслэл бүхий нотлох баримтыг нь ерөнхий шүүгчид гаргасан ч ийнхүү шийдвэрлэсэн аж. С.Баярцогтыг Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө “Айвенхоу майнз”-ын хувьцаа эзэмшигч байсан, улмаар гэрээ байгуулсны дараа хувьцааны үнэ өсөхөд бусдад худалдаж өөртөө давуу байдал бий болгосон гэсэн үндэслэлээр гадаад улсаас ирсэн баримтад тулгуурлан цагдан хорьж шалгахаар болсон юм. Гэвч цагдан хорьж шалгах шаардлагагүй гэж шүүгч үзсэн нь АТГ-ын мөрдөн шалгах ажилд саад учруулж болзошгүй.
Бэлтгэсэн: Г.Орчлон