Маргааш буюу энэ сарын 30-ны 09.30 цагаас эхлэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ. Энэ хуульд ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор заасан байна.
Энэ нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёсны болон тэгш байдлын зарчмыг зөрчсөн гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн бөгөөд түүний дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэнэ.