Сэжигтнийг “Upline” сургалтын төвөөс баривчлав. 2019.01.28-ны 16.00 цагийн үед
Их хэмжээний хар тамхи илгээмжээр хүлээн авч хадгалан, тээвэрлэсэн Нигери улсын 31 настай Шон гэх иргэнийг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өчигдөр баривчиллаа. Тэрбээр
Чингэлтэй дүүрэг дэх “Upline” сургалтын төвд англи хэлний цагийн багшаар ажилладаг төдийгүй хар тамхиа ажлын байрандаа хадгалж байжээ.
Эл хэргийг илрүүлсэн цагдаагийн алба хаагчид өчигдөр 13.00 цагийн орчимд сэжигтний багшилдаг төвд нэвтэрч, түүнийг дайчлан баривчилсан юм.
Мөн 300 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хар тамхи тээвэрлэсэн, дээрх этгээдтэй хамсаатан байж болзошгүй Нигери улсын гурван иргэнийг мөрдөн шалгаж эхэлжээ.
Гэмт этгээдүүд “Ice” буюу мөс хэмээх мансууруулах бодисыг Тайландаас олон улсын шуудангаар дамжуулан хилээр нэвтрүүлснийг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх, хадгалах, тээвэрлэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулиар хамгийн багадаа таван жилийн хорих ял оноодог аж.
НПГ-ын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Н.Амарсанаа “Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхантай хамтран Нигери улсын иргэн манай хилээр хар тамхи мансууруулах төрлийн бодис их хэмжээгээр нэвтрүүлсэн байсныг илрүүлэн, таслан зогсоолоо. Дээрх этгээд хар тамхиа биедээ хадгалж, тээвэрлэх гэж байсныг үйлдэл дээр нь баривчлах ажиллагааг прокурорын хяналтад явуулсан. Энэ хүрээнд ICE буюу “мөс” хэмээх хар тамхины төрлийн бодисыг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авлаа. Уг хар тамхийг шуудан илгээмжээр өчигдөр ирүүлсэн байна. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авна” гэв.
Нигери улсын иргэд хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт гэм буруутайг нь тогтоовол Монгол Улсын хуулиар ял шийтгэл хүлээлгэх аж.
Ташрамд дурдахад, цагдаагийн алба хаагчид сүүлийн хоёр сарын хугацаанд тасралтгүй арга хэмжээ явуулсны үр дүнд интернэт сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, Америкаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлдөг бодис захиалан олон улсын шуудангаар дамжуулан улсын хилээр нэвтрүүлж байсан иргэдийг илрүүлсэн. Өмнө нь “Нидерландийн Вант Улс” гэсэн хаягтай олон улсын шуудан илгээмжээр иргэн О-д хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрал, хөлрөл, сэтгэл санааны гүн хямралд оруулах мансууруулах эм ирснийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ оны нэгдүгээр сарын 8-нд илрүүлэн таслан зогсоож дайчлан баривчилсан билээ.
Бэлтгэсэн: Г.Баясгалан