Эрээнээс Замын-Үүд рүү орж ирсэн “гаальтай машин” хэмээн “УАЗ-469”-өөр онцгой албан татварын хуурамч 100 000 ширхэг тэмдэгт оруулж ирснийг гаалийнхан илрүүлжээ.
Өнгөрсөн бямба гарагт Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсэд өмнөд хөршөөс орж ирсэн автомашинд гаалийнхан үзлэг хийхэд иргэн Б нь цаасан хайрцагт дээрх хэмжээний хуурамч акц оруулж ирсэн бөгөөд тус боомт дахь Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны байцаагч түүнийг нь илрүүлж, Сум дундын Прокурорын газарт шилжүүлсэн байна.
Сар шинийн баяр ойртоход хямд, чанаргүй архийг “Нарантуул” зэрэг зах, худалдааны төвд ихээр худалддаг. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн, татвараас зайлсхийх санаа агуулсан архи үйлдвэрлэгчид ийм хуурамч тэмдэгт ашиглан, согтууруулах ундаа хийж, түүнийг нь орон нутгийн иргэд ихээр худалдаж авах явдал жил бүр гардаг юм.
Онцгой албан татварын хуурамч тэмдэгт ашиглан, татвараас зайлсхийж буй аж ахуйн нэгж, иргэдтэй ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан жил бүр тэмцдэг ч Цагаан сар дөхөхөд энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байна.