Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа одоогоос 13 жилийн өмнө Малайзад харамсалтайгаар амиа алдсан. Эл хэргийн үнэн, мөнийг тогтоолгох гэж талийгаачийн аав С.Шаарийбуу олон жил хөөцөлдөж буй ч үр дүнд хүрэлгүй өдий хүрсэн. Харин тус улсад өнгөрсөн тавдугаар сард болсон сонгуулийн дараа гарч ирсэн эрх баригчид энэ хэргийг эзэн хааны архиваас гарган сэргээн шалгуулах болсноор халаагаа өгөөд удаагүй байгаа Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак тэргүүтнийг шүүхийн өмнө авчраад буй юм. Үүнтэй холбоотойгоор С.Шаарийбуугийн өмгөөлөгч нар өнгөрсөн сард манай улсад ирж ач холбогдолтой мэдүүлэг өгөх гэрчүүдтэй уулзаад явсан талаар бид хохирогчоос ярилцлага авч нийтэлж байсан билээ. Нажиб Разак тэргүүтэй албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Куала-Лумпур хотод эхэллээ. Уг хуралд манай улсаас ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг хохирогчийг төлөөлөн шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцохоор Малайзад очоод буй юм. Шүүх хурал гурав хоног үргэлжлэх бөгөөд манай улсаас хэд хэдэн хүн гэрчээр оролцохоор очсон байна. Хохирогчийн ар гэрийнхэн болон шүүх хуралд оролцох хуулийн багийнхан өчигдөр уулзаж, төлөвлөгөөгөө ярилцсан бөгөөд өнөөдөр тус улсын хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр төлөвлөжээ.
Ш.Алтантуяагийн амийг бүрэлгэх захиалга өгсөн гэх Разак Багиндаг 2008 онд тус улсын шүүх цагаатгаснаас хойш хил давж Европт амьдарч байгаа бол хэргийг гардан гүйцэтгэсэн, цагдаагийн ажилтан асан Сирул Азхар Умар Австралид цагаачлах хүсэлт өгөөд буй. Уг нь түүнийг Австралиас шилжүүлэн авахаар хүсэлт хүргүүлсэн ч тодорхой хариу аваагүй байгаа гэх мэдээлэл бий.