Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт олны анхаарал татсан хоёр хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болох байсан. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга зэрэг 10 хүнд холбогдох, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулан, Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр “Бэрэн групп”-д худалдаж төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг хэлэлцэх байв. Гэвч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч, “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хурлыг хоёрдугаар сарын 11-ний 08.30 цаг хүртэл хойшлууллаа.
ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаргийн 14.00 цагт эхэлсэн ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан, шүүх хурлыг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул энэ сарын 25-ны 11.00 цагт хийхээр болов.
Бэлтгэсэн: Г.Равжаа