Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг нийслэлийн Прокурорын газраас яллагдагчаар цагдан хорих санал дахин гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэв. Өмнө нь түүнийг “Оюутолгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу олны дунд “Дубайн гэрээ” гэх тодотголтой болсон гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байх магадлалтай хэмээн яллагдагчаар тооцон цагдан хорьж шалгаж байсан билээ. Улмаар батлан даалтад гаргаж, хилээр гарахыг хориглосон байсан юм.
Мөн оффшор данстай холбоотой, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Швейцарын “Credit Suisse” банкны дансанд 9.2 сая ам.доллар нуусан хэмээх үйлдлийг ч давхар шалгаж буй. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар С.Баярцогтыг өчигдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Эх сурвалжуудаас авсан мэдээллээр С.Баярцогтод холбогдох хэрэгт гадаадын мөрдөн шалгах байгууллагатай хамтран явуулж буй ажиллагааны явцад хэд хэдэн баримт ирсэнтэй холбоотойгоор саатуулан шалгах зайлшгүй шаардлагатай болсон гэх мэдээлэл байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа