УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан гишүүдийн бойкот хоёр дахь удаагаа жагсаал, цуглаанаар үргэлжилж байна. Хоёр дахь удаагийн "МАНАН дэглэмийн эсрэг” ард түмний тайван жагсаал яг одоо Сүхбаатарын талбайд эхэллээ. Одоогийн байдлаар 1000 орчим хүн цуглаад байгаа юм байна. Тэмцэгчид УИХ-ын дарга М.Энхболдыг МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс хэмээн нэрлэж, түүнийг огцрохыг шаардаж жагсаалаа суултаар үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн энэхүү цуглаанд Босоо хөх Монгол, Эрс шинэчлэл, Нэхүүл, Намгүй монгол хөдөлгөөн, ДМ нэгдэл, АТОЗ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэнэ гэдгээ мэдэгдээд буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Жагсаал ойролцоогоор 2-3 цаг үргэлжлэх байх. Үүний дараа суулт, өлсгөлөнгөөр үргэлжилнэ. Бид МАНАН-гийн дэглэмийг нуран унатал тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна. Хөдөө орон нутгаас 300 гаруй хүн суулт хийхээр ирчихээд байна. Эдгээр хүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулна. УИХ-ын гишүүд бас тэдэнтэй нэгдэнэ. Одоогийн байдлаар таван гишүүн суулт хийнэ" гэлээ.