2019 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 23.00 цагийн орчимд насанд хүрээгүй хүүхэд хүчиндүүлсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулан, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ажиллаж байна. Хэргийн шалтгаан нөхцөлийг судлахад 15 настай охин өөрийгөө 17 настай хэмээн танилцуулсан этгээдтэй фэйсбүүк чатаар танилцан, улмаар тодорхой цаг хугацааны дараа уулзах хүсэлтийнх нь дагуу уулзахад дээрх этгээд охиныг хүчирхийлсэн байна.
Иймд хүүхэд, залуучууд, эцэг, эхчүүдэд НЦГ-аас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна:
- Хүүхдийг цахим орчинд танихгүй хүнтэй холбоо тогтоох, улмаар уулзах эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхээс сэргийлэх;
- Таны хүүхэд 14 нас хүрээгүй бол фэйсбүүк хэрэглэхгүй гэдгийг анхаарах;
- Гэнэн томоогүй, сониуч зантай шилжилтийн насны хүүхдүүдэд өөрийн найз нөхдөө зөв сонгох, сэжиг бүхий үл таних хүмүүстэй уулзах нь нөхөж баршгүй хохирол учрах аюултай болохыг зөв ойлгуулах;
- Хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж байгааг нь мэддэг байх, хүүхэдтэйгээ ярилцаж зөвлөгөө өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.