Захиалга, заавраар хүний амь бүрэлгэсэн хэрэг Монголд төдийлөн гардаггүй. Хэдэн жилийн өмнө 90 настай хөгшин хүүгээ тв чатаар захиалж хөнөөлгөсөн гэх дуулиан хэвлэлийнхний анхааралд байлаа. Түүнээс хойш захиалгаар хүний амь хохироосон гэх хэрэгт ял шийтгүүлсэн хүн тийм ч олон биш байх. Харин УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амийг захиалгаар бүрэлгэсэн хэмээн гурван хүнд гурван жилийн өмнө ял оноосон бөгөөд өдгөө хүртэл захиалагчийг нь зарлаагүй нь иргэдэд эргэлзээ төрүүлсээр буй билээ. Үүнээс ургуулан бодоход манайд захиалгаар хүний амь бүрэлгэдэг хөлсний алуурчид байна гэсэн үг болж таарах нь. Захиалгат аллага гэж үзсэн нэг хэргийг саяхан шүүх шийдвэрлэжээ. Энэ хэргийн хавтсыг сөхье.
ЗАХИАЛАГЧ ЗУГТАЖ, ГҮЙЦЭТГЭГЧ НЬ ЯЛ ЭДЭЛЖ СУУНА
2015 оны тавдугаар сарын 21-22-нд шилжих шөнө. Зуны урь орсон энэ үдэш нийслэлд олны хөл татарч эхэлсэн үе байлаа. Шөнийн харанхуйг цочроож хэн нэгэн хашхиран, тусламж эрэн цагдаад дуудлага өгсний учир нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг, “Туул өргөө” хотхоны 85 дугаар байрны орцонд нэг залуу хутгалуулан цус алдаж байснаас цочирдсон нь тэр аж. Цагдаа, прокурорынхон ирж үзлэг хийн, хохирогчийг 29 настай А гэх залуу болохыг тогтоож, түүний амийг бүрэлгэж болох хэн байх вэ хэмээн эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ингээд байрны хяналтын камер зэрэг баримтаар хорих ял эдэлж байгаад суллагдаад удаагүй, өмнө нь Болдын гэдэг овгоо Баянгол дүүргийн Засаг даргын 2005 оны 89 дүгээр захирамжаар Энхбаярын Анхбаяр болгон өөрчилсөн, удаа дараа ял шийтгүүлж байсан залуу уг хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.
Тэрбээр мэдүүлэгтээ “Энэ хэргийг 2015 онд үйлдсэн ч хэргээ хүлээхгүй явсаар хоёр жилийн дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхнаасаа мэдүүлгээ үнэн, зөв өгч ирсэн. Миний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсонд маш их харамсан гэмшиж байна. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө байрныхаа тэр хавьд машинтай явж байхад Б нэг залууг заагаад “Энэ залуу надтай том бизнес хийе гэчихээд намайг хулхидсан юм” гэж хэлсэн. Би тэгэхэд нь “Та хариуг нь өгөхгүй яасан юм бэ” гэхэд “Яах юм бэ, ах нь тэртээ, тэргүй сайн сайхан амьдарч болж л байна” гэж байсан. Тухайн үед А-ийг шууд хөнөөе гэсэн зорилго байгаагүй. Хэргийг үйлдэх үедээ маш их сандарсан, хохирогч санамсаргүй эргэж харснаас л амь насанд нь хүрчихсэн харамсалтай явдал болсон юм. Би энэ бүхэнд өөрийгөө ямар нэгэн байдлаар зөвтгөөгүй, хийсэн хэрэгтээ харамсан гэмшиж, өөрийн чадах бололцооны хэрээр хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн” хэмээжээ.
Бас “Би Б-д нэр хүнд олж, амьдралаа залгуулах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн. Б тухайн үед надаас зайгаа бариад, “Ах нь одоогоор сайхан амьдрах хэмжээнд хүрээгүй, чамайг хажуудаа аваад явах хэмжээндээ очоогүй байна гэдэг байсан учир түүнд нэр хүнд олох санаатай ийм юм болсон.
Би талийгаачийг гэмтээж, Б-д нэр хүнд олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн. Хэрэг хийснээ нэг найздаа хэлэхэд “Б бол мөнгөтэй хүн, чи зууралдаад явж байсан нь дээр, танил талтай болохоор ямар нэгэн аргаар хэргээс мултрах боломжтой” гэж хэлсэн талаар ч ярьжээ.
Харин гэрчүүд энэ хэргийг Б л хийсэн хэмээн сэрдэж байв. Хэд хэдэн гэрч мэдүүлэгтээ “Өс хонзонтой хүн нь Б. Тэд хамтарч Эдийн засгийн чөлөөт бүсэд казино байгуулах талаар ярьж тусгай зөвшөөрөл, газар авсан. Гэвч хамтарч ажиллахаа больсноос хойш “Ална, та нарыг шорон руу явуулчихаад би өөрөө араас нь ороод мууг чинь үзнэ, эхнэр, хүүхдийг нь чадна. А надаас холдоод хаа хүрэх юм бэ. Ах нь олон жил шоронгоор явсан хүн А-ийг цааш нь харуулчихад юу байх вэ дээ” гэдэг байсан талаар өгүүлжээ.
Өөр нэг гэрч “Э.Анхбаяр надтай юм яриад сууж байхдаа “Би захиалгаар хүний амь хөнөөсөн” гэж хэлсэн. Тэр хүнээс нэг бичиг авах ёстой байсан ч сандарсандаа буцаад зугтсан. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө Э.Анхбаярыг Б дагуулж яваад, талийгаачийн байр руу очиж, машиных нь зогсоол, гэр рүүгээ ордог замыг нь зааж өгч байсан” хэмээн ярьсан байгаа юм.
Э.Анхбаяр хэрэг гарах шөнө талийгаачийн байрны гадаа ирэхийг нь хүлээн отож, машинаа зогсоолдоо тавьж буйг нь хармагцаа орцных нь гуравдугаар давхарт хүлээжээ. Ингээд орцоороо орж ирмэгц нь хэрэг үйлдсэн талаараа мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн аж.
Харин энэ хэргийг захиалсан гэх Б хилээр гарч явсан бөгөөд өдгөө Австрали улсад байгаа, ар гэрийнхэнтэйгээ тэр бүр холбоо барьдаггүйг нь ах нь гэрчилжээ.
СЭЖИГТНИЙГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАРИВЧЛАВ
Э.Анхбаяр хэрэг үйлдсэнээсээ хойш хэд хоногийн дараа БНХАУ руу зугтсан бөгөөд манай хууль сахиулах байгууллагынхан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-д хандаж, түүнийг эрэн сурвалжилсны дүнд Манжуураас 2015 оны тавдугаар сарын 29-нд баривчилсан байна. Хоёр жил тус улсад саатуулж байгаад 2017 оны хоёрдугаар сард манай талд хүлээлгэн өгчээ. Э.Анхбаяр болон захиалагч гэгдэж буй Б нар өмнө нь 2001 онд Багануур дүүрэг дэх хорих ангид ял эдэлж байхдаа танилцсан бөгөөд хэрэг гарахаас өмнөхөн фитнест цуг хичээллэх болсон аж.
Харин хэрэг гарах үед захиалагч гэгдэж буй Б Монголд байгаагүй бөгөөд гэр бүлийн хамтаар Итгэлт хамбад мөргөхөөр аялсан байсан гэнэ. Тэрбээр энэ хэрэгт анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Улаан-Үд хот, Итгэлт хамбын аялалд яваад 2015 оны тавдугаар сарын 24-нд ирсэн. Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь чөлөөт бүсэд автомат тоглоомын газартай зочид буудал барих зорилгоор нэг га газар эзэмших эрх авсан байсан юм. Уг газрыг эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн албанд 50 сая төгрөгийн хандив өгч байж авсан. Талийгаач А болон Х гэх хятад хүн нартай хамтарч уг зочид буудлаа барихаар тохирсон бөгөөд А ч хөрөнгө оруулагч олж өгөхөөр ярьж байв. Өмнөд хөршид сурч байсан болохоор ийм хөрөнгө оруулагч олж өгч чадна гэдэгт итгэж байсан. Уг газраа нэг хүнд үзүүлсэн боловч нөгөөх нь зөвшөөрөөгүй. Түүнээс хойш өөр хүнд ч үзүүлээгүй, А утсаа салгаад алга болчихсон. Би найз нар руу нь залгаад уурладаг байсан, тэр үедээ хараалын үг хэлж, хэл амаар доромжилдог байснаа хүлээн зөвшөөрнө” гэж ярьж байжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг өнгөрсөн оны наймдугаар сард хэлэлцээд Э.Анхбаярыг бусдын захиалгаар, өөртөө болон бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүний амь бүрэлгэсэн гэм буруутайд тооцож, хаалттай хорих байгууллагад 19 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин энэ хэрэгт холбогдсон, захиалагч гэх Б нь 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нд Монгол Улсын хилээр гарсан тул нийслэлийн Прокурорын газрын 2017 оны наймдугаар сарын 24-ний 170200057 дугаар тогтоолоор хэргийг нь тусгаарласан байна.
Шүүгдэгч Э.Анхбаяр, түүний өмгөөлөгч нар уг хэргийг захиалгаар үйлдээгүй хэмээн давж заалдсан бөгөөд прокурор дүгнэлтдээ “Хэргийн үйл баримтын хувьд Э.Анхбаяр нь талийгаач А-ийг танихгүй, нэг ч удаа харилцаж байгаагүй. Шүүгдэгч Э.Анхбаярын хувьд суллагдсанаасаа хойш Б-тэй харилцаж, фитнест цуг явдаг байсан нь тогтоогдсон. Б нь 2014 оноос хойш талийгаачийг дарамтлах болсон. Э.Анхбаяр талийгаачтай нэг ч удаа уулзаагүй байж, Б-тэй нөхөрлөж байх хугацаандаа талийгаачийн гэр орныг судалсан. Ерөнхийдөө Б зааж өгсөн гэж ойлгож болно. Шүүгдэгч Э.Анхбаярын хувьд хүний амь бүрэлгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн” хэмээсэн байна.
Давж заалдах шатны шүүх энэ хэргийг шийдэхдээ “Э.Анхбаяр нь бусдын захиалгаар бүлэглэн, мөн “Г-ийг хөнөөчихвөл Б-ийг дарамталж, мөнгөөр хангуулж байх боломжтой” гэсэн өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор бүрэлгэсэн нь тогтоогдсон бөгөөд амь хохирогч, шүүгдэгч нарын зан харьцаа, хувийн харилцааны түүх зэргийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан шинжилсний үндсэн дээр шүүгдэгч Э.Анхбаяр нь бусдын амийг хохироосон үйл баримтыг тогтоосон, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх зөв тогтоожээ” гээд давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон байна.
Бэлтгэсэн: Г.Орчлон