АТГ өнгөрсөн долоо хоногт оноо нь хүрээгүй элсэгчээс хахууль авсан улсын их сургуулийн мэргэжилтэн, ТӨХК-ийн хөрөнгийг завшсан гүйцэтгэх захирал, тусгай зөвшөөрөл олгохдоо 20 сая төгрөгийн хахууль авсан хэлтсийн дарга нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн талаар АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Мөн есөн хэрэгт шинээр бүртгэл нээж, 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Энэ дунд Хөгжлийн банкны албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжид 20 тэрбум төгрөг болон 55.6 сая ам.долларын зээл олгосон, зар сурталчилгаа хийлгэхээр 3.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан, ашигт малтмалын ашиглалтын талбайг хууль бусаар нэмэгдүүлсэн, нэр бүхий компанид илт давуу байдал олгосныхоо хариуд хахууль авсан, суманд хэрэгжих төслийг сонгон шалгаруулалтгүйгээр Засаг даргын ах, дүү нарт олгосон гэх мэт хэргүүд багтаж байгаа аж.