АТГ-аас БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг хээл хахууль авсан, улсын төсөвт 1 тэрбум 950 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, саатуулан шалгаж байгаа.
Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг баривчилсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг “БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн өмчлөлийн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал олгож, эрх бүхий байгууллагын баталсан зураг төсөвгүй, эдийн засгийн тооцоолол, судалгаагүй байхад хийн хоолойн ажлыг шууд гэрээгээр олгосны улмаас тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт 1 тэрбум 950 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг АТГ шалгаж байгаа. Г.Нямдавааг цагдан хориогүй, харин албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа” гэсэн юм.
Дашрамд сануулахад, тус албан тушаалыг хашиж байсан Д.Даваасамба нь авлига авсан хэргээр цагдан хоригдож байсан.