Агаарын бохирдлын хэмжээ Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчимд өдөр бүр 500-гаас дээш индексийг зааж байна. ДЭМБ-аас гаргасан стандартад агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг. Баянхошуу гэлтгүй агаарын бохирдлын голомтод амьдардаг нийслэлчүүд энэ мэтээр өдөр, шөнөгүй утаанд хордож, угаартаж үхэх нь холгүй боллоо. Томчууд хэдхэн минут гадаа алхахад хоолой хорсож, амьсгалахад бэрх байхад бяцхан хүүхдүүдийн уушги бүр хүнд ачаа үүрдэг нь мэдээж.
Агаар бохирдуулагч тоос, хүнд металл, хорт хийнүүд 1.5 метрээс доош түвшинд байрладаг аж. Тиймээс утаанд багачууд хамгийн ихээр хорддог гэсэн үг. Иймд агаарын бохирдлын оргил үед хүүхдээ гадуур дагуулж явахдаа байнга тэврэхийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан зөвлөмжид тусгажээ. Түүнчлэн бага насныхныг 07.00-11.00, 17.00-23.00 цагийн хооронд гадаа гаргахгүй байхыг ч тэд зөвлөсөн. Гэтэл яг энэ үед хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгтээ явж, ирэх оргил цаг.
АШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ Берклей дэх Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалсан байдаг. Судалгааны үр дүнд 0-5 насныхан утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөгийг баталжээ. ДЭМБ-ын судлаачид 2009 онд Монгол Улсад жилд нас барж буй 7000 хүний 10 хувьд нь агаарын бохирдол шууд нөлөөлснийг тогтоосон байна. Өдгөө энэ тоо ихэссэн үү гэснээс буураагүй нь лавтай. Ийм нөхцөлд агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны арга хэмжээ яаралтай авах нь чухал.
Харин манай Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй богино хугацааны арга хэмжээнд 0-5 насны хүүхдийг хотоос гарган, тав хоног сувилалд амраах, эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ. Уг саналыг өнгөцхөн харвал иргэдэд ашигтай мэт. Гэхдээ хөрсөнд буухдаа хэр үр дүнтэй байх бол. Бидний олонх нь хорвоогийн бор хоног, шар өдрүүдэд хоосон хонохгүйн тулд сарын 500 мянган төгрөгийн төлөө өдөрт багадаа найман цаг ажилладаг. Ийм нөхцөлд хүүхдээ аваад, ажлаасаа чөлөө аван тав хоногийн сувилалд явах ээжүүд хэд байх вэ. Зарим хүн үүнийг “Богино хугацаанд авч болох зөв алхмуудын нэг” хэмээн дэмжиж байгаа ч эсэргүүцэх нь хавьгүй олон аж.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б.Сувд-Эрдэнэ “Би хувийн компанид системийн шинжээчээр ажилладаг. Сарын 560 мянган төгрөгийн цалинтай. Хүүхэд минь хоёр настай, хувийн цэцэрлэгт явдаг. Сарын төлбөр нь 250 мянга. Ажилтай ойр учраас л хувийн цэцэрлэгт өгсөн. Улсын цэцэрлэгт явуулж болох ч зөөх хүн байхгүй. Нөхөр бид хоёр зэрэг ажиллаад ч хоногийн хоолноосоо хэтэрдэггүй. Охин төрснөөсөө хойш хоёр удаа хатгалга туссан. Утаанаас болж байнга л ханиад хүрдэг. Үүнтэй холбоотой бага насныхныг сувилалд амраахаар хэлэлцэж буй юм билээ. Уушги өөрийгөө хамгийн сайн цэвэрлэдэг эрхтэн гэсэн. Цэвэр агаарт хоёрхон цаг байхад заавал амралт, сувилал гэлтгүй хөдөө амьдардаг нэгнийдээ очоод хэдэн цаг агаар амьсгалахад л уушгиа цэвэрлэх боломжтой. Ажлаасаа чөлөө аваад амралтанд явна гэдэг эргэлзээтэй. Маргааш (өнөөдөр) хэлэлцэх энэ саналыг би дэмжихгүй байгаа” гэсэн юм.
Харин “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын үүсгэн байгуулагч Ц.Пүрэвхүү “0-5 насны хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр сувилалд амраах санаачилгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийгмийн хамгааллын яамны холбогдох хүмүүст хүргүүлсэн юм. Тус яам аль сувиллын газрууд ямар үнээр иргэдэд үйлчлэх боломжтойг өнгөрсөн зургаан сарын турш судалсан.
Гамшгийн эрсдэлд авах богино хугацааны арга хэмжээнд хамгийн түрүүнд хор хохирлыг нь бууруулах ёстой гэж үздэг. Өнгөрсөн жил цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч тараасан шиг сувиллын асуудлыг шийдчихье гэж бодсон. Эрүүл мэндийн даатгалын сангийн дарга энэ чиглэлд зарцуулах ямар ч мөнгө байхгүй гэсэн хариу өгсөн. Өнөөдөр хэлэлцэх хуралдаанаар миний гаргасан саналыг баталчихвал ЭМЯ, БОАЖЯ, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны энэ оны төсвийн үлдэгдлээс мөнгө гаргаж магадгүй. Бид хүүхдүүдээ утаанаас хамгаалахын тулд ямар нэг ажил хийхгүй байна. Утааг гамшиг гээд зарлавал хэрэглэх нөөц хөрөнгийг улсын хөрөнгөөс гаргуулж болно. Зудыг гамшигт үзэгдэл гээд зарлахад “Монголын улаан загалмай” нийгэмлэгээс хүмүүнлэгийн тусламжаар 370 мянга хүртэлх ам.долларыг гурав хоногт олгодог” гэв.
Тус саналыг баталчихвал агаарын чанарын 1-4 бүсэд амьдарч буй 10 590 жирэмсэн эх, 1-5 хүүхэдтэй 109 607 эх, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой 3 942 эх хөнгөлөлттэй үнээр сувилалд амрах боломж үүснэ. Хөнгөлөлтөд хамрагдсан эх, хүүхэд хоёр хоногт 35 000 төгрөг зарцуулах шаардлагатай. Үүн дээр нэмээд улсаас найман тэрбум 774 сая 300 мянган төгрөг зарцуулна. Ингэхдээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газартай гэрээтэй ажилладаг 16 байгууллага, нийслэлд ойр байрлалтай, дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулдаг 29 амралт, сувиллын газар болон олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбортой хамтрах гэнэ. Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой нэг ээж хоногийн 35 мянган төгрөгөөр тав хоног сувилалд амрахын тулд 175 000 төгрөг зарцуулна. Тав хоног хүүхдийнхээ уушгийг цэвэрлэлээ гэж бодоход зургаа дахь өдрөөс өнөөх л утаандаа эргээд “морилно”. Түүний оронд 175 мянгаар цахилгаан халаагуур аваад хотын янданг нэгээр ч болов бууруулсан нь дээр биш үү? Тав хоног сувилалд амарлаа гээд нийслэлийн утаа багасахгүй л болов уу. Энэ мэт арга ядсан, санал боловсруулах нь үр дүнтэй, эсэх нь эргэлзээтэй. 10 мянга гаруй жирэмсэн ээжийг сувилалд амраахад зарцуулах найман тэрбум төгрөгөөр гэр хорооллын айлуудын цахилгааны төлбөрийг хоёр сар тэглэж болно. Утааны голомтод амьдарч буй айлуудад цахилгаан халаагуур тараая. Гэр, сууцаа цахилгаанаар халаадаг болчихвол утаа багасах бага ч гэсэн найдвар харагдаж байна.
Бэлтгэсэн: Г.Баясгалан