Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Фарм Трейд ХХК”-ийн байранд үл таних гурван этгээд нэвтрэн харуулд хутга тулган дээрэмдсэн хэрэг гарсан байна. Ингэхдээ харуулын үүрэг гүйцэтгэж байсан 56 настай Э гэх ажилтанг бүлэглэн зодож, гар хөлийг нь скочоор хүлээд, улмаар эд зүйлс хадгалдаг чингэлэгний цоожыг эвдэн дээрэмджээ. Тэд 16 хайрцаг тамхи болон нийтдээ 20 сая орчим төгрөгийн барааг дээрэмдэн авч, хэргийн газраас зугтжээ.
Уг хэргийг үйлдсэн хар масктай үл таних этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар шуурхай эхлүүлсэн байна. Хэргийг харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгаж байгаа юм. Харин хохирогч Э-гийн хоёр хавирга хугарсан гэмтэлтэйгээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Г.Тэмүүлэн