Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд өөрийн хүсэлтээр огцрох саналаа өгснөөр Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж буй.
Хууль ёсоор дараагийн Нийслэлийн Засаг даргыг энэ сарын 28-ны өдөр томилох ёстой. Тэгвэл одоогийн байдлаар хотын даргын алба тушаалыг горилогчдын нэрс тодроод буй. Тодруулбал, хотын даргын орлогч П.Баярхүү, Ж.Батбаясгалан, "Эрдэнэс Оюу толгой"-н гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, ОХУ-ын Эрхүү хотод Ерөнхий консулаар сууж буй Л.Амарсанаа, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарын нэрс дуулдаж эхлээд байна.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа
Ш.Анхмаа нь нийслэлийн 13-р дунд сургууль, Хэл иргэншлийн дээд сургууль, МУИС, БНХАУ-ын Бээжин хотын Хэл, соёлын дээд сургууль, АНУ-ын Хавай институтийн “Эмэгтэй манлайлагч” хөтөлбөрийг төгссөн. Багш, эрхзүйч мэргэжилтэй юм байна.
- 2001-2008 онд“Эмнести интернэйшнл” байгууллагын Эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч, Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2011-2015 онд Швейцарийн Хөгжлийн агентлагийн Жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байжээ.
2016 оны НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.
Хотын даргын орлогч П.Баярхүү
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо.
П.Баярхүү нь нийслэлийн 51-р дунд сургууль, Удирдлагын академи, Их Британи Ирландын Нэгдсэн Нэгдсэн вант улсын “Edgware Academy’’, Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр цолтой аж.
- 1995-1996 онд МҮОНРТ-д туслах найруулагч
- 2003-2005 онд Mongol drilling ХХК Гүйцэтгэх захирал
- 2006-2008 онд ЗГХЭГ-т Сайдын ажлын албаны ахлах
- 2001-2015 онд Сөүл хотын соёл мэдээллийн төвийн Захирал
- 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
- 2012-2015 онд Сүхбаатар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга
- 2014-2015 онд Нийслэлийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байжээ.
2016 оны НИТХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгч болсон бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогджээ.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан
Ж.Батбаясгалан нь Москва хотын 779-р сургууль, нийслэлийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль, Түшээ дээд сургуулийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрант аж.
- 2004-2008 онд УИХ-ЫН Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч,
- 2008-2012 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,
- Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга,
- Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны зөвлөлийн гишүүн,
- 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга зэрэг сонгуульт ажлуудыг хийж байжээ.
2016 оны НИТХ-ын сонгуулиар Баянгол дүүргээс НИТХ-д төлөөлөгчөөр, НИТХ-ын анхны хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон байна.
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар
Б.Мөнхбаатар нь Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2016 оны 9 дүгээр сард томилогдсон.
Арван жилээ Төв аймагт дүүргэсэн. Сургуулиа төгсөөд ШУТИС-ийг төгсөж, хими технологич мэргэжилтэй болсон байна. Дараа нь МУИС-ын улс төр судлалын ангид суралцаж төгссөн. Тэнд оюутан байхдаа "Залуус" гэж бүлгэм байгуулсан нь Монголын ардчилсан оюутны холбооны суурь болжээ.
- 2008-2012 онд Улаанбаатар хотын захирагчийн орлогчоор ажилласан.
- Үүнээс өмнө Б.Мөнхбаатар нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар болон, төрийн байгууллагад удирдах албан тушаалд тус тус ажиллаж байв.
- Б.Мөнхбаатар нь Монгол Улсын Шинжлэх ухаан Технологийн Их Сургуулийг Химийн технологич мэргэжлээр, Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийг Улс төр судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй дүүргэсэн.
- 2004-2006 онд Зүүн Лондонгийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж ирээд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хотын хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллах болжээ.
- МАН-ын хорооны дарга, Баянзүрх дүүргийн засаг дарга, Нийслэлийн Засаг даргын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байжээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан
198-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 онд Юта мужийн коллеж, 1998-2000 онд Соут Вест их сургуульд суралцаж төгссөн.
- 1992-1993 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, Мэдээлэл технологийн төвийн ажилтан
- 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан, Атташе
- 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер
- 2007 оноос "Оюуны Ундраа групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ийн даргаар тус тус ажиллаж байна.
2017 оны аравдугаар сараас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байна.