Шинэ жилийн үдэш шиг онцгой, тийм нэг “шидтэй” цаг хугацаа жил, сарын уртад тийм ч олон тохиодоггүй учраас л энэ баяр хэн хүнд үнэ цэнтэй санагддаг болов уу. Насны намар гадаа ирэхэд нартын жамыг ухаарч эхэлдэг шиг өдөр хоногийг хэчнээн хайр гамгүй өнгөрүүлдэг нэгэн байлаа ч хуудас эргэн он солигдож, Төрийн дуулал эгшиглэх мөчид “За, ингээд шинэ он гарчихав аа” гээд дотроо битүүхэн санааширдаг биз ээ. Хүслээ шившсэн оргилуун дарсны бөглөө мултрах тэр мөчөөс хойш шинэ бодрол, шинэ мөрөөдөл, шинэ ухаарал тархийг эзэмдэх нь олонтоо.
Өвлийн өвгөн байдаггүй гэдгийг мэдэх болоод удаж буй ч
Сүрлэг Монгол орныхоо
Өлчир жавхааг бадруулаад
Сүлд модныхоо наадмаар
Өвлийн илчийг хариулцгаая... хэмээх сайхан дууг сонсохоор “Өвлийн өвгөн аав энэ дуугаар замчлуулан танхимд залардаг даа” гэсэн бодолдоо хөтлөгдөөд танхимын энд тэндхийг харцаараа нэгждэг томоогүй араншин энэ өдөр л томчуудаас гардаг гэлтэй. Ер нь л шинэ жилээр танхим тэр аяараа сахиусан тэнгэрүүдийн шидэт дохиурт өртсөн мэт он цаг, орон зайн ямар нэг хамааралгүй, мянга мянган хүслийн долгион хэрэн сүлжилдсэн үлгэрийн ертөнцөд очдог байх шүү. “Улаанбаатар хотын хорт утаанд хүүхэд, хөгшидгүй, баян, ядуу ялгаагүй бүгдээрээ утуулж, угаартаж байхад юу ч болоогүй мэт шинэ жилийн баяр тэмдэглээд хөөрцөглөж яах вэ дээ” гэсэн пост саяхан уншаад “Нээрээ л тийм дээ” гээд хамаг догдлол унтарсан ч өнөөх “шидэт” танхимд орохоор өөрийн эрхгүй “илбэдүүлчихэж” байгаа юм. Тодруулбал, уржигдар манай “Монгол ньюс” компани, “Өнөөдөр” сонины хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэсэн хэрэг.
Жилийн жилд бид “Улаанбаатар” зочид буудалд халуун ам бүлээрээ цуглаж, амжилт бүтээл, алдаа оноогоо дэнслэн, оны шилдгүүдээ тодруулж, баяраа тэмдэглэдэг уламжлалтай. “Монгол ньюс” компанийн гүйцэтгэх захирал Н.Шүр “Улиран одож буй 2018 ондоо манай компанийн нэгж салбар болгон ололт амжилттай ажиллалаа. Бал эрхлэгчийнхээ зорьж, тэмүүлж эхлүүлсэн үйл хэргийг хойч үеийнхэн та нар амжилттай үргэлжлүүлж байгааг харахад сайхан байна. Тэр дундаа “Өнөөдөр” сонины хоёр сэтгүүлч маань хамтарсан бүтээлээрээ БАЛДОРЖ шагналын гран приг хүртлээ. Эхний гурван байрт “Өнөөдөр” сонины гурван сэтгүүлч багтана гэдэг бол энэ хамт олны чадал чансааг харуулж байгаа хэрэг юм. Цаашид илүү ихийг бүтээн туурвихыг хүсэн ерөөе” хэмээн арга хэмжээг нээх үеэрээ онцолсон.
“Балдорж” сангаас 10 дахь удаагаа зохион байгуулсан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд манай сонины Ж.Сувдмаа, Т.Энхбат нар энэ жил “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжилгаараа тэргүүн шагналыг нь хүртсэн билээ. Мөн “Шилдэг-10”-ыг Улс төр, гадаад мэдээллийн албаны тоймч Х.Уянга “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжилгаараа хүртсэн юм. Өнөө жил уралдсан наадам болгондоо айраг, түрүү хүртэн, сониныхоо нэр хүндийг өргөсөн тэрбээр уул уурхайн далд амьдралын гүн рүү нэвтэрч, мөнгөөр халхавчилсан хууль бус үйлдлийн араас уйгагүй сурвалжилсан “Хувьсан өөрчлөгдөж буй үнэн буюу цианидын хэргийн буруутан хэн бэ” цувралаараа 2018 оны “Шилдэг бичлэгийн шагнал”-ыг дахин гардав.
Мөн “Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ-ынханд байна вэ”, “Шаардлага хангахгүй үзүүлэлтийг “хангасан” болгож өөрчилсөн эм худалдаж байна” зэрэг цуврал нийтлэлээрээ Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга Г.Цолмон “Шилдэг бичлэгийн шагнал” хүртлээ. Монголын нийгмийн сөрөг үзэгдэл, түүнийг тойрсон дуулиан, шуугиантай үйл явдал, байгаль орчинд учруулж буй аюул занал, хор хохирлын талаар цаг алдалгүй мэдээлж, сонирхолтой, шилдэг нийтлэлүүд бэлтгэн хамт олноо манлайлж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхэд зүтгэл чармайлттай ажилласан тул Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаныхан энэ оны “Шилдэг алба”-аар шалгарав. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн адармаат фронтод 3-4 турьхан бүсгүйчүүдээр хүрээлүүлэн “тулалддаг” Цоомоо даргын алба ийнхүү гурав дахь жилдээ дараалан шилдгээр шалгарч байгааг дуулгахад илүүдэхгүй биз.
“Өнөөдөр” сонины 2018 оны “Шилдэг албаны дарга”-аар Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга Ч.Мөнхзул бусдыгаа манлайлан тодорсон бол “Гэрэл зураг, дизайнерын албаны шилдэг ажилтан”-аар гэрэл зурагчин Г.Аргуужин шалгарлаа.
Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд харамсалтайгаар амиа алдсан хүүгийн аав цөхрөнгөө баран эмгэнэн гашуудаж буй эгзэгтэй агшныг Г.Аргуужин маань дурандаа буулгасан нь олон түмний сэтгэл зүрхийг эрхгүй зүссэн билээ. Улс төр, үйл явдлын олон эгзэгтэй агшныг алдалгүй дурандаа буулгасан Аагий маань өнөө жилийн эрхлэгчийн нэрэмжит шагналыг мөн хүртсэн юм. Спортын салбарт ямар л томоохон үйл явдал болно, тэр болгонд гол эздийг нь “халуун” дээр нь барьж аваад, хадаас ярилцлага хийдэг “Таван цагариг”-ийн тангарагт дайчин Б.Буяндалай маань мөн л энэ оны эрхлэгчийн нэрэмжит шагналыг хүртсэн нь аргагүй нүдээ олсон урамшуулал байв.
“Монгол ньюс” хэмээх том айлын бүрэлдэхүүнд олон салбар, нэгж байдаг юм. Тэр дундаас “Unuudur.mn” сайтын маань өнгө зүс, хэлбэр, агуулга, контент хөгжүүлэлт өнөө жил мэдэгдэм сайжрахад чухал үүрэг гүйцэтгэсэн эрхэм бол Ж.Баяржаргал бөгөөд тэрбээр энэ оны “Сайтын шилдэг ажилтан”-аар өрсөлдөгчгүй манлайлав.
Англи хэл дээрх Монголын анхны сонин “The UB Post”-ын оны шилдэг ажилтнаар Т.Баярбат шалгарсан бол компанийг алдагдалтай байх уу, ашигтай ажиллах уу гэдгийг шийдэх гол хүмүүс болох “Олон нийттэй харилцах албаны шилдэг ажилтан”-аар Ж.Бурмаа тодорлоо. Хэвлэх үйлдвэрийн маань шилдэг ажилтнаар Д.Цэрэндаш бусдаасаа шалгарсан бол Санхүү, аж ахуйн албаны шилдгээр М.Ариунсанаа онцгойрсон.
Мөн “Монгол ньюс дюти фрий” ХХК-ийн шилдэг ажилтнаар Н.Мягмарбаатар, “Монгол ньюс хөтөч” ХХК-ийн шилдгээр Б.Батцэцэг нар тодров. Түүнчлэн энэ жилийн нэгэн сюрприз нь компанийн зүгээс шилдэг 10 ажилтнаа БНХАУ-д тав хоног аялуулж, Аватар уулсын гайхамшигт үзэсгэлэнг тольдон, дэлхийд алдартай шилэн гүүрийг үзэх эрхээр шагнасан явдал юм.
Ийнхүү оны шилдгүүдээ тодруулан, аз одоо сорьж, хамт олныхоо дундах авьяастнуудын шидийг үзэн хөгжиж, багуудын мэндчилгээгээр ана мана өрсөлдөж, хамтлаг, дуучдын ая дуунд цэнгэн бүжсэн шиг ээ манайхан шинэ жилийн шидэт үдшээ өрнүүн сайхан өнгөрүүллээ. “Тогос шиг гоёж очоод, тогонд цохиулсан мэт болоод гарч ирэхийг шинэ жилдэх гэнэ” хэмээн зарим хүн энэ баярыг даажинтай нь аргагүй хошигнодог ч шинэ жилийн баяртаа гоёж очихыг хүсдэггүй бүсгүй хүн ховор биз. Өөрийгөө үнэлж, өрөөлийг хүндэтгэж буйн илрэл учраас шинэ жилээр тогос мэт гоёсон бүсгүйчүүдийг харин ч урмаар тэтгэх нь зүйтэй санагддаг. Тийм ч учраас манай бүсгүйчүүд өнөө жил “Гэтсби” стилээр гангарах болзолт үдшээрээ өөр өөрийн өнгө донж, үзэсгэлэн гоогоороо тодрон ялгарч байв. Энэ бол бүхэлдээ бидний баяр, бидний үдэш..