Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн захиргааны байгууллагын удирдлагууд НИТХ-ын дарга С.Амарсайханы өрөөнд архидан согтуурч, зодолдсон тухай мэдээлэл цахим орчинд тарж, нэлээд шуугиан тариад буй. Тэгвэл уг асуудлаар НИТХ болон НЗДТГ-ын нэр бүхий албан тушаалтнууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “12 дугаар сарын 12-ны өдөр НИТХ-ын даргын өрөөнд ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэж, зодоон болоогүй. Тус мэдээлэл худал ташаа болохыг НИТХ-ын нарийн бичгийн хувьд миний бие албан ёсоор мэдэгдэж байна. Хангарди ордон нь төрийн тусгай хамгаалалттай объект учраас согтууруулах ундаа оруулахыг хориглодог. Иймд хуурамч мэдээлэл тарааж, албан тушаалтны нэр төрд халдсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлага тооцно” гэлээ.
Мөн НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр “Монгол Улсын Ерөнхий сайдын гаргасан захирамжаар Төрийн тусгай хамгаалалттай онцгой бүсэд ямар нэгэн согтууруулах ундаа нэвтрүүлэхийг хориглодог. Хэрэв нэвтрүүлсэн тохиолдолд Төрийн тусгай хамгаалалтын дүрмийн дагуу хариуцлага тооцдог” гэж хэллээ.
Энэ үеэр сэтгүүлчид Хотын даргыг огцруулах асуудлаар асуулт тавихад НИТХ-ын ТНБ-ийн дарга Б.Батбямба “Энэ асуудал хуулийн дагуу шийдэгдэх болно” гэж мэдэгдлээ.
Г.Тэмүүлэн