Улаанбаатар хот 2019 онд хэдэн төгрөг олж, түүнийгээ хэрхэн зарцуулах нь тодорхой болов. Хотын удирдлага “Нийслэл анх удаа бараг нэг их наяд буюу 990.3 тэрбум төгрөгийн төсөв бүрдүүлэх боллоо. Ирэх оны төсөв иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн” хэмээн тодотгосон. Харин сөрөг хүчин болох нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийнхэн “Татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлсэн төсөв хотын иргэдэд “наалдахгүй” байна. Дэмий зүйлд мөнгө зарлаа” хэмээн шүүмжилсэн. Тиймээс төсөв хэлэлцэх үеэр төлөөлөгчид шаардлагагүй гэж үзсэн зарим арга хэмжээг хасаж, заримыг нь нэмж тусгасан юм. Тухайлбал, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зардалд уг нь 10 тэрбум төгрөг төсөвлөснийг зургаан тэрбумаар бууруулж, баталжээ.
Мөн Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардлаас 500 сая төгрөг хасаж, нийслэлийн 380 жилийн ойг зохион байгуулахад зарцуулах хөрөнгийг нэг тэрбум төгрөгөөр багасгажээ. Үүнээс гадна хотын захиргааны шинэ байранд тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авахаар гурван тэрбум төгрөг тусгасныг 500 саяар бууруулсан аж. Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулахаар төсвийн төсөлд суулгасан 4.8 тэрбум төгрөгийг хассан байна.
Харин Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркийн төслийн магадлалын шинжилгээ, байгаль орчны үнэлгээ хийхэд шаардлагатай 400 сая төгрөгийг нэмж суулгав. Мөн Чингэлтэй дүүргийн I хорооны 12, 13 дугаар байрны гадна инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Уг ажилд 1.4 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Нийтийн эзэмшлийн талбайд явган хүний зам тавьж, хуучныг нь засах зардлыг нэг тэрбумаар нэмж, дөрвөн тэрбум төгрөг болгох санал МАН-ын бүлгээс гаргасныг төлөөлөгчид дэмжсэн аж.
АН-ын бүлгээс “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гаргаж, үйл ажиллагааных нь зардалд шаардлагатай 250 сая төгрөгийг төсөвт суулгуулжээ. Мөн хөрсний бохирдол бууруулахад зориулж, 150 сая төгрөг төсөвлөсөн. Ирэх оны төсвийн төсөлд өөр ямар ажлууд тусгасныг инфографикт үзүүллээ. Мөн аймгуудын төсвийн нэгдсэн дүнг танилцуулъя.
Налайх чиглэлийн замыг дөрөвдүгээр сараас тавина
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалт эхлүүлэх бэлтгэл ажлын явцыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра танилцууллаа. Тэрбээр тус замын барилгын ажлыг ирэх оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр бэлтгэж буйг мэдээлэв. Бүтээн байгуулалт хийх газрыг чөлөөлж дууссан бөгөөд олон улсын стандартад нийцэхүйц хүнд даацын зам тавих юм.
Мөн иж бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай, ус зайлуулах шуудуутай байх аж. Түүнчлэн суурьшлын бүс рүү орж, гарах тээврийн хэрэгсэл, явган зорчигчийг осолд өртөхөөс урьдчилан сэргийлж хонгил хийх юм байна. Хонгилын бүтээн байгуулалтыг 2020 онд дуусгахаар төлөвлөжээ. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламжийг хэсэгчлэн хийж болохгүй. Мөн аюулгүй байдлыг бүрэн хангасан, стандарт тэмдэг, тэмдэглэгээтэй байх ёстой. Уг авто зам хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй байна. Энэ нь ойрын зургаан жилийн хэрэгцээг хангаж болох ч хүн амын төвлөрөл нэмэгдэж, хот тэлэхийн хэрээр замаа өргөсгөх шаардлага дахин гарч болзошгүй. Тиймээс ойр орчны газрыг нь чөлөөлж, хамгаалалтад авах асуудлыг анхаарах хэрэгтэй” гэв.
Цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө хэлэлцлээ
Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас баталлаа. Уг төлөвлөгөөг танилцуулсан, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Ийм төлөвлөгөө байгаагүйн улмаас хотын ногоон байгууламжийг нэмэх, нягтруулах, шилжүүлэхийн зэрэгцээ эзэнтэй болгож, арчлах ажил хангалтгүй байсан” гэв.
Тэгвэл тус төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлснээр ногоон байгууламжийг газар олголт, инженерийн шугам сүлжээ, хот төлөвлөлт, хотын ландшафт дизайнтай уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөн бий болгох, түүнийг арчлах цогц менежмент мөрдөх боломж бүрдэх аж. Өдгөө нийслэлийн төвийн зургаан дүүргийн нэг иргэнд 0.3-4.6 ам метр ногоон байгууламж ногдож байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэг оршин суугчид 4.6 ам метр ногоон байгууламж ногдож буй бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 0.3 ам метр байгааг албаныхан онцолсон. Харин тус төлөвлөгөөг хэрэгжүүлснээр дээрх үзүүлэлт 14-126.3 ам метр болж нэмэгдэх гэнэ. Үүнийг дөрвөн чиглэлээр хэрэгжүүлэх талаар танилцууллаа. Хамгийн эхэнд хууль, эрх зүйн орчныг сайжруулж, хэрэгжүүлэх оновчтой тогтолцоо бий болгох аж. Дараа нь хотыг цэцэрлэгжүүлэх санхүүгийн тогтвортой эх үүсвэр бий болгохоор төлөвлөсөн байна.
Бэлтгэсэн: М.Оч