Хонины нэхий ямар ч хэрэггүй, хог дээр хаягдаж байна гэх хүн цөөнгүй. Тэгвэл “Хонины нэхий хог биш. Хүмүүсийн хэрэглээ, эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн” гэсэн уриатай ажилладаг “Галтнаран өргөө” компанийнхан нэхийгээр гутлын улавч хийж, уржигдраас борлуулж эхэлсэн байна.
Тус компанийнхан нэхийгээ өөрсдөө боловсруулж, элддэг бөгөөд дээр нь үхрийн шир нааж, биежүүлээд, улавч үйлдвэрлэдэг аж. Дулаахан, чийг татахгүй, эрүүл мэндэд ээлтэй энэ бүтээгдэхүүнээ гаргахын тулд багагүй судалгаа, туршилт хийсэн гэнэ.
Нэхий, арьс, шир боловсруулан эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зорилготой тус компанийг 2012 онд байгуулжээ. Тэд арьс, шир, нэхийг үйлдвэрийн аргаар боловсруулаад, малчдад зориулж хантааз, бойтог үйлдвэрлэдэг аж.
“Бидний зорилго монгол малчид, орон нутгийн иргэдэд хандсан бүтээгдэхүүн бий болгох. “Дархан нэхий”, “Дархан минж” зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчийн бидэнд үлдээсэн орон зайн багахан хэсгийг нөхөх юм. Мөн машины суудлын болон буйдангийн бүрээс ч хийх боломжтой, энэ чиглэлээр хамтран ажиллах аж ахуйн нэгж, байгууллагыг хайгаад жил гаруй болж байна” гэж тус компанийнхан хэлсэн.