Сагсан бөмбөгч Л.Жэймс, загвар өмсөгч С.Кроуфорд, бодибилдингийн тамирчин асан, жүжигчин А.Шварценеггер, уулын цанын тамирчин Л.Вонн нар хамтран эрүүл мэнд, веллнессийн бүтээгдэхүүний “Ladder” компани байгуулжээ.
Тус компани нь уургийн хоёр төрлийн, ногоон навчит ургамлын, эрч хүчний нунтаг гэсэн дөрвөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ эрүүл амьдрах хэв маягийн тухай контент бэлтгэх аж. Цаашид хөнгөн зууш үйлдвэрлэж бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах боломжтой талаар мэдээлсэн байна.
“Ladder” компани нь weareladder.com вэб сайтаар дамжуулж бүтээгдэхүүнээ худалдан авагчдад шууд борлуулах юм.
Алдартнууд өөр компанийн брэнд сурталчилж, борлуулахаас илүүтэй өөрийн бүтээгдэхүүнтэй болох чиг хандлагыг ийнхүү дээрх дөрвөн супер од үргэлжлүүллээ. Энэ талаар А.Шварценеггер “Энэ бол бидний хамтын ажиллагааны үр дүнд бий болсон компани. Өмнө нь компаниуд бидэнтэй уулзаад “Та нарт хувьцаанаасаа өгөөд нэрийг чинь ашиглая” гэдэг байлаа. Гэвч ингэснээр тус компанид тодорхой эрх мэдэл эдлэх боломж олддоггүй юм. Харин энэ удаад өөр хэрэг” гэж ярьээ.
Тус компанийг байгуулах санаа 2014 оны NBA-ийн шигшээ тоглолтын дараа Леброн Жеймст төрсөн гэдэг. Булчин нь зангирсны улмаас тэрбээр тоглолтыг орхихоос аргагүй болсныг спорт сонирхогчид санаж байгаа биз ээ. Үүний дараа Леброн улам эрүүл, хүчтэй болохын тулд юу хэрэглэвэл зүйтэйг эмчээсээ лавласан ч аюулгүй, үр дүнтэй бүтээгдэхүүн олж чадаагүй байна. Тиймээс эмч нь Л.Жэймст зориулж шинэ нэмэлт бүтээгдэхүүн бий болгосон аж.
Зохицуулалт, хяналт тааруу эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зах зээлд цоо шинэ, шинжлэх ухааны үндэслэлтэй, олон нийтэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх Леброны хүслийг талархан дэмжсэн гэдгээ А.Шварценегер илэрхийлсэн юм. Хоёр супер одтой хамт “Meaningful beauty” гоо сайхны брэндийг үүсгэн байгуулагч С.Кроуфорд, эрүүл бүтээгдэхүүнийг сурталчлагч Л.Вонн хамтран ажиллана.
Н.Энх