“Дэлхийн цом” хэмээх цэцэрлэгт хүрээлэн БНСУ-ын нийслэлд бий. 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан, улс орнуудын энх тайван, эв нэгдлийг бэлгэдэн ийнхүү нэрлэсэн тус хүрээлэнг жил гаруй хугацаанд босгосон аж. Ийм гайхалтай бүтээн байгуулалт бий болгосон тэрхүү газарт нь 1978-1993 онд Сөүлийн иргэдийн “үйлдвэрлэсэн” 92 сая тонн хог, хаягдлаар боссон уул байсан гэдгээрээ алдартай юм билээ. Далайн түвшнээс дээш 93 метр өндөрт байрлах тэрхүү хогон ууланд хортон шавж үүрлэн, өмхий ханхалж, хүрээлэн буй орчныг ихээр бохирдуулж, халдварт өвчин гарах эрсдэлтэй байсан гэдэг. 1996 оноос Өмнөд Солонгосын Засгийн газраас тогтвортой, үр дүнтэй бодлого явуулснаар 92 сая тонн хогийг ариутгаж, халдваргүйжүүлэн, экологид ээлтэй цэцэрлэгт хүрээлэн болгожээ. Ингэхдээ хөрсийг нь нөхөн сэргээхийн тулд хийн ялгарлыг багасгаж, борооны усыг газарт нэвчүүлэхгүй байх технологи ашигласан юм байна. Улмаар хүрээлэн буй орчныг нь сэргээж ургамал ургах нөхцөл бүрдүүлсэн аж. Тэндхийн барилга байгууламжуудыг сэргээгдэх буюу нар, салхины эрчим хүчийг ашиглан цахилгаанаар хангадаг. Үүнээс гадна хог хаягдлыг шүлтийн уусмалаар задалж, Хан мөрөн рүү нийлүүлдэг гэнэ.
“Дэлхийн цом” цэцэрлэгт хүрээлэн дөрвөн цогцолбороос бүрддэг.
“Пёнхва” цэцэрлэгт хүрээлэн байгалийн үзэсгэлэнгээрээ гайхуулсан газар юм. Энхтайвны цэцэрлэгт хүрээлэн, “Юнисеф” худалдааны төв, “Дэлхийн цом”-ын музей байдаг, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тохиромжтой.
“Ханаул” байгалийн цогцолборт газраас тэнгэр, газар нийлсэн мэт гайхамшгийг харж болно.
“Ноёэл” хүрээлэнгээс нар мандах агшныг харахад тохиромжтой гэнэ. Олон төрлийн амьтан ч харж болно.
“Нанжичон” паркт монос дүүрэн. Тэнд очиж эл мод хэрхэн цэцэглэхийг харахаар жуулчдын хөл тасардаггүй аж. Мөн загас, усны шувуудыг нутагшуулан, экологийн тэнцвэрт байдлыг хангахаар ажиллаж байгаа гэнэ.
Бэлтгэсэн: Г.Баясгалан