Европын Холбооноос Британи гарах тухай хэлэлцээрийн талаар тус нэгдэлд үлдсэн 27 улсын удирдагчид яаралтай дээд хэмжээний уулзалт хийлээ. Тэд уг баримт бичгийг дэмжжээ. Гэхдээ брекситийн үйл явц ингээд дуусахгүй. Одоо уг баримт бичгийг Европын парламент, тус тивийн орнуудын хууль тогтоох байгууллага болон Засгийн газар тус бүрдээ хэлэлцэн батлах ёстой. Тэр дундаа Британийн парламентын хэлэлцүүлэг хамгийн бэрх даваа байх гэнэ. Хэлэлцээр Британид ашиггүй ч сайхан нөхцөл хүлээх хэрэггүйг Лондонд Европын Холбооны удирдагчид хэдийн анхааруулжээ.
НӨХӨН ТӨЛБӨР
Брюссель болон Лондон нэг жил хагасын хугацаанд брекситийн тухай гэрээний төсөл болох 585 хуудас баримт бичгийг зөвшилцсөнөө энэ сарын 15-нд зарласан. Тэгэхдээ Европын Холбооны бүрэлдэхүүнд багтсан Ирланд, Британийн хамт тус нэгдлээс гарч буй Умард Ирланд хооронд хатуу хил хязгаар тогтоох хэрэгтэй, эсэх тухай гол асуудлыг шийдээгүй. Энэ асуудлыг 2020 оны долдугаар сарын 1-ний дотор шийдэхээр хэлэлцэгчид бичгээр амлалт аваад, хойш тавьсан.
2020 оны эцэс хүртэл үргэлжлэх брекситийн шилжилтийн үеийг 1-2 жилээр сунгаж магадгүй. Учир нь Европын Холбооны төсөвт өгөх төлбөр зэрэг тус нэгдлийн гишүүн орнуудын өмнө хүлээсэн бүх үүргээ Британи биелүүлж, тус тивийн зах зээлийн бүх дүрмийг мөрдөх ёстой. Тэгэхдээ Лондон шийдвэр гаргах системд оролцох эрхгүй болно.
Заасан хугацаанд Европын Холбооны төсөвт оруулах татварын талаарх санхүүгийн бүх үүргээ биелүүлэхээ Британи амлажээ. Энэ хүрээнд жилд тус холбооны төсөвт 13 тэрбум фунт стерлинг төлөх ёстой. Гэхдээ Британийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх Европын хөтөлбөрүүдэд зориулах санхүүжилтийг Лондон Европын Холбооны төсвөөс авч болох аж. Гэсэн ч Британи авахаасаа илүүг төлөх буюу Европын Холбооны төсвийн цэвэр хандивлагч байсан, тэр чигээрээ үлдэх юм.
Үүний сацуу “Британи болон Европын Холбооны иргэд хоёр талын нутаг дэвсгэрт амьдарч, нийгмийн халамж, үйлчилгээ авч, аль ч талд буй гэр бүлтэйгээ нэгдэж болно” гэж брекситийн асуудлаарх хэлэлцээнд Европын Холбоог төлөөлөн оролцогч Мишель Барнье мэдэгджээ. Тэрчлэн гадаад бодлогын үзэл баримтлал нь нийцсэн асуудлуудаар хориг арга хэмжээний нэгдсэн бодлого хэрэгжүүлэх бололтой. Ингэхдээ харилцан зөвшилцөхийг баримт бичигт онцлон тэмдэглэсэн байна.
ГИБРАЛТАРЫН “МИНА”
Дээд хэмжээний уулзалтыг тасалдуулах шахсан Гибралтарын сэдэв дараагийн хэлэлцээнүүдэд хөндөгдөх магадлал өндөр. Брекситийн дараа Гибралтарын гол асуудлуудаар Европын Холбоо, Британи, Испани зөвшилцсөн болохыг Европын комиссын дарга Жан-Клод Юнкер мэдэгджээ.
Гибралтар нь Пиренейн хойг дахь Британийн нутаг дэвсгэр ч тус газар нутгийн талаар Мадридтай маргаантай байдаг юм. Европын Холбооноос Британи гарснаар энэ улсын оршин суугчид тус тивийн зах зээлд гарах боломжоо алдаж, тус холбооны нутаг дэвсгэрээр чөлөөтэй зорчих боломжгүй болох юм.